Erchis

С.Дэмбэрэл: Мүүн хүний итгэл бишрэл шашин шүтэх эрхийг бүдүүлгээр зөрчдөг

http://dnn.mn/%D1%81-%D0%B4%D1%8D%D0%BC%D0%B1%D1%8D%D1%80%D1%8D%D0%BB-%D0%BC%D2%AF%D2%AF%D0%BD-%D1%85%D2%AF%D0%BD%D0%B8%D0%B9-%D0%B8%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB-%D0%B1%D0%B8%D1%88%D1%80%D1%8D%D0%BB-%D1%88%D0%B0%D1%88%D0%B8%D0%BD-%D1%88%D2%AF%D1%82%D1%8D%D1%85-%D1%8D%D1%80%D1%85%D0%B8%D0%B9%D0%B3-%D0%B1%D2%AF%D0%B4%D2%AF%D2%AF%D0%BB%D0%B3%D1%8D%D1%8D%D1%80-%D0%B7%D3%A9%D1%80%D1%87%D0%B4%D3%A9%D0%B3/

2016.03.02

Сүхбатын Ариунжаргал

Монгол Улсын Их сургуулийн Философи, шашин судлалын тэнхимийн багш С.Дэмбэрэлтэй Мүүний шашны талаар ярилцлаа.

 

-Сүүлийн үед Мүүний шашныг шашин мөн биш гэж маргалдаад байгаа. Энэ талаар тайлбар хэлэхгүй юу?

 

-Мүүний шашныг шинэ шашны хөдөлгөөн гэж үздэг юм. Одоогийн нийгэмд гараад байгаа гаж урсгал гэдэг нэршил культ гэдэг нэрийг монголчлоод ингэж нэрлэсэн байна лээ. Культ, сект, шашин гээд гурван янзын шашны төрөл байна гэж үздэг. Культ гэдэг нь нийгэмд төдийлөн танигдаагүй шинэ шашны хөдөлгөөн. Энэ нь өөрийн гэсэн шашны байгууллагатай нэг шашны удирдагчийг шүтдэг, тойрон хүрээлэгчидтэй, дагалдагчтай шинээр үүсч бий болсон шашныг хэлдэг. Культ гэдэг нь манай улсад 1990 оноос хойш орж ирээд нэг дэх үеийнх нь дагалдагч нар нь явж байна. Шашин дотроо шашны гаж урсгал гэж үздэг. Уламжлалт шашны зан үйлээс арай өөрөөр үйл ажиллагаа явуулдаг болохоор шашны гаж урсгал гээд байгаа юм. Үнэндээ энэ шашин мөн үү гэвэл мөн.

 

Сект гэдэг шүтэн бишрэгчид нь хоёр дахь үе дээрээ явж байгаа шашныг хэлнэ. Нэгдүгээр үеийн хүүхдүүд нь уламжлагдан авч, нийгэмдээ нэлээд танигдсан төрлийг хэлээд байгаа. Шашин гэдэг нь нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаагаа нээлттэй явуулдаг байгууллага гэж хэлж болно.

 

-Шинээр үүссэн шашин юм байна. Яг хэзээ байгуулагдсан юм бол?

 

-Энэ шашныг 1920 онд Солонгост төрсөн Сан Мён Мүүн үүсгэсэн. Албан ёсоор 1954 онд өөрийнхөө сүмийг байгуулж, номлолоо явуулах газраа бий болгосон гэж үздэг. Тэрээр 1957 онд өөрийн “Тэнгэрлэг зарчим” номлолоо албан ёсоор хэвлүүлж, түүний дагуу номлол сургаалаа явуулдаг болсон. 1959 оноос дэлхийн бусад улс оронд өөрсдийн сүм, хийд байгууллагынхаа үйл ажиллагааг явуулж эхэлсэн байдаг. Шууд “Эв нэгдлийн сүм” гэхээс илүү иргэний байгууллагын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Жишээлбэл, судлаач Деррек Дасчкегийн судалгаагаар АНУ-д 12 төрлийн Мүүний ном сургаалийг дэлгэрүүдэг байгууллагыг гаргасан байгаа юм. Түүнд “Олон улсын соёлын сан”, “Олон улсын шашны сан”, “Дэлхийн энх тайвны төлөөх шашин хоорондын холбоо”, “Дэлхийн мэдээллийн ассоциаци”, “Эрдэмтэн, профессоруудын дэлхийн энх тайвны холбоо” гэх зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулж байсан.

 

-Яагаад “Эв нэгдлийн сүм”-ээрээ үйл ажиллагаа явуулдаггүй юм бэ?

 

-Яагаад гэвэл буддизм дэлгэрсэн газар эсвэл ислам, христийнхэн үүнийг гаж урсгал гэж үздэг. Энэ нь манай улс орны соёл, үндэсний бодлогоос харш гэхээр түүнээс цэрвэж, номлол түгээдэг гэдгээ нууцалж олон байгууллага байгуулж үйл ажиллагаа явуулдаг. Их зальжин хүмүүсийг хууран мэхэлж байдаг. Эв нэгдлийн сүм гэхээсээ илүү оюутнуудад зориулсан төв, эрдэмтдийг дэмжих холбоо гээд сонирхлын бүлэг, нийгмийн ажил мэргэжлээр нь байгууллага үүсгээд байгаа юм. Тэрийгээ сүм гэж нэрлэхгүй. Тэгэхээр хүмүүс наадах чинь шашин биш энэ иргэний байгууллага гээд байгаа. Сүм биш мөртлөө цаагуураа жинхэнэ эцэг, эхийнхээ сургаалаар явдаг. Иргэний төрийн бус байгууллагаас гадна өөрсдийн байгууллагаа дэмжих бизнесийн компаниудын үйл ажиллагаа явуулдаг. Өөрсдийн гэсэн үйлдвэртэй болчихсон. Жишээлбэл, ахуйн үйлчилгээний газар үсчин нээгээд тэндээ өөрсдийн дагалдах хүмүүсийг ажиллуулж, орж байгаа орлогоороо шашны байгууллагаа санхүүжүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Мөн бараа зардаг ажлаа фандрайсинг гэж нэрлэдэг. Судлаач Деррек Дасчке “Мобайл фандрайсинг” гэж нэрлэсэн байдаг. Хөдөлгөөнтэйгөөр байнга гудамж, талбай, албан байгууллагад юм зарж байдаг учраас ингэж нэрлэсэн хэрэг.

 

-Яагаад гаж урсгал гэж үздэг юм бол?

 

-Гаж урсгал гээд байгаа тодорхойлолтыг хоёр талаас нь тайлбарлана. Энэ шашинг христийн шашны нэг хэлбэр гэж үздэг. Гэхдээ христийн шашны Библийн судрыг тэс ондоогоор тайлбарладаг. Гол номлол сургаалыг нь гажуудуулаад явчихсан. Есүс Христийн хийж чадаагүйг өөрөө үргэлжлүүлж байна хэмээн номлодог. Мөн өөрийгөө Исламын шашны үндэслэгч Мухамед, Буддатай уулзаж байсан гэж ярьдаг байсан. 1992 онд “Би бурхантай уулзсан бурхны элч байна. Бурхан намайг өөрийн номлолыг түгээ гэж захисан” гэж зарласан байдаг. Тиймээс өөрийгөө дэлхийн эцэг гэж нэрлээд эхнэрийгээ ариун эх гэж зарласан байдаг. Мөн библийн сургаалыг гажуудуулахаас гадна эртний Солонгосын бөө мөргөлийн сургаалыг номлолдоо оруулчихсан. Номлолд нь Дорно дахины Күнзийн ёс суртахууны сургааль ч бий. Эртний Хятадын Даогийн арга билэг гээд аливаа юм хоёр туйлтай, хоёр хүчин зүйлээс бүрддэг гэдэг номлолыг ч оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, уламжлалт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шашны урсгалуудын номлолыг хольж аваад, өөрөө ном сургаал үүсгэн гаж урсгал бий болгочихсон хэрэг. Үүнийг бүх шашныхан хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Ихэнх шашныхан бидний номлолоос аваад түүнийг гажуудуулсан байна гэдэг. Мөн сүм хийдийн үйл ажиллагааг гажуудууллаа гэдэг. Сүм хийдийн жинхэнэ үйл нь хүн сүмд очиж тэнгэр бурханд мөргөж, өөрийн гэгээрлийг олох байтал ариун эцэг, эхэд итгээд эхэлж байгаа юм. Христийн шашинд Сан Мён Мүүн-ийг шүт гэж заагаагүй шүү дээ. Зан үйлийн хувьд бусад шашнаас өвөрмөц үйл ажиллагаа явуулдаг.

 

-Гаж урсгалын нөлөө нь юу вэ?

 

-Нийгэмд үзүүлж байгаа гаж нөлөө нь хүмүүсийг шашны үзэл бодлоор хооронд нь хагаралдуулж байгаа юм. Гэр бүлтэй нь хагаралдуулж байгаа. Хүний эрх чөлөөг боогдуулдаг. Уламжлал соёл, ёс зүйгээс харш зүйл номлодог гэдгээрээ харшилдаг.

 

-Сүмийнхээ үйл ажиллагааг нууцалдаг юм бол яаж итгэгч нь болох юм бэ?

 

-Сүмдээ хүн татаж оруулахдаа нийгмийн эмзэг бүлгийн эсвэл амьдралдаа их зовлон үзсэн хүнд ойртох замаар элсүүлдэг. Оюутан байлаа гэхэд чи манайд очиж хоол идээч. Хоёулаа ярилцъя. Чамд юу хэрэгтэй байна гээд туслалцаа үзүүлдэг. Туслалцаа нь орон байр, сурах бичиг, сургалтын төлбөрийг нь өгөх жишээний. Тэгэхээр нөгөө хөдөөнөөс ирсэн оюутнуудын сэтгэл нь татагдана шүү дээ. Аав, ээжээсээ хол өөрийг нь гэх хүнгүй байхад өөртэй нь элгэмсэг дотно хандахаар сэтгэл нь татагдаад ямар гоё газар вэ гэж боддог. Тэгээд аажмаар өөрийн ном сургаалаа явуулахын хажуугаар чи бас үүрэг хүлээх ёстой гэж заадаг. Үзэг, бал, ном, дэвтрийг чи зарах ёстой. Чиний зарсан мөнгөөр сүм санхүүжиж, үйл ажиллагаагаа явуулна. Бусад хүмүүст “Тэнгэрлэг зарчим”-ыг түгээхэд зарцуулах учраас чи үүрэг хүлээх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Ерөнхийдөө анх хүн элсүүлэхдээ хүний сэтгэлийг хөдөлгөөд аажмаар өөртөө татаж, цаашлаад хатуу хяналтад оруулж хэлэх эрхгүй болгож, үйлдэх үйлийг нь хүртэл хатуу хянадаг. Сүм хийдэд явж байгаа дагалдагчдынхаа үг хэлэх, чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх үзлийг нь хорьчихдог. Чи ингэж болно, ингэж болохгүй гээд заачихдаг. Миний ном сургаалд гарсан сургаалыг дагах ёстой гэж тулгадаг. Хэрвээ дагахгүй бол сүм хийдэд гадуурхах зүйл болно. Энэ талаар сүүлийн үед бичлэгээр гараад байна лээ, номлогч нь ирээд цохих ч юм уу, эсвэл чамайг хөөнө гэж сүрдүүлдэг.

 

-Мүүний шашны итгэгч эцгийнхээ сонголтоор хурим хийдэг. Огт харж байгаагүй хүнтэйгээ гэрлэхийг юу гэж номлодог вэ?

 

-Эрэгтэй эмэгтэй хоёр хүн амьдралын туршлагагүй. Агуу эцгийн хайр халамжийг мэдэлгүйгээр иргэний нийгэмд зөвхөн хайр сэтгэлээр суучихаад байна. Бид бурхны айлдвараар гэр бүлийн харилцааг юу гэж тодорхойлсон байгааг ухамсарласны үндсэн дээр жинхэнэ эцэг, эхийн зөвшөөрлөөр гэр бүл болох ёстой гэдэг. Мүүний шашин хамгийн түрүүнд гэрлэх зан үйлээрээ нийгэмд танигдсан байдаг. Энэ нь олон хүнийг зэрэг гэрлүүлэх ёслол. Түүхэндээ 1982 онд 5837 хүн зэрэг хурим хийж байсан гэдэг. Энэ зан үйлийг анх 1961 онд хийж эхэлсэн байдаг. Судлаач Деррек Дасчкегийн судалгаанд сүүлийн үеийн тоо баримт дурдагдаагүй байна. Олноороо гэрлүүлж байгаа нь энэ нийгэмд энх тайван тогтоохын тулд ариун гэр бүл бий болгох ёстой гэж ярьдаг. Чиний өсгөсөн аав, ээж чинь чамайг төгс нийгэмд бэлдэж чадаагүй. Тиймээс энэ нийгэм шударга ёс тогтоогүй, эдийн засгийн хямралтай байна гээд нийгмийнх нь төлөө шинэ ухагдахуун өгөөд үүнийг чи өөрчлөх ёстой гэж заадаг. Шинэ нийгмийг бий болгохын тулд чи шинэ ариун гэр бүл үүсгэх ёстой гэсэн зарчмын дагуу хүмүүсийг гэр бүл болгодог. Манай Монголд аав, ээж гэдэг гэр бүлийн цөм. Тэр хүмүүсийн ач энэрлийн төлөө гэр бүл тогтож байдаг. Гэтэл аав, ээжийн үүргийг үгүйсгээд чамайг төгс нийгэмд бэлдэж чадаагүй. Чамайг шинэ гэр бүл хүлээж авч байна. Жинхэнэ аав, ээж чинь Сан Мён Мүүн, түүний гэргий Хакжа Хан Мүүн нар гэж сургадаг. Нэг үгээр хэлбэл уламжлалт гэр бүлийн үүргийг үгүйсгэж байгаа. Гэр бүлээс хүүхдүүдийг нь тусгаарлаж чи энэ сүмд ирж бие хүн болж хүмүүжнэ гэж сургадаг.

 

-Эцэг нь гэрлэх хосуудын зургийг нь хараад сонгодог гэх юм билээ. Ингээд л шууд сохроор гэрлүүлчихдэг юм уу?

 

-Гэрлэх хосуудын зургийг эцэг нь өөрөө сонгодог. Энэ судлаачийн бичсэнээр гэр бүл болох хүнийг сүмээс сонгоод намтрыг нь судалдаг. Ямар ажил хийж байсан. Хэзээ энэ сүмд орж байв. Насны зөрүүг нь харж байгаад та хоёр төгс гэр бүл болох ёстой гэж заадаг. Хайр сэтгэлийн асуудал чухал биш. Сүмийн жинхэнэ эцэг, эхийн зөвшөөрлөөр гэр бүл болох ёстой гэж үздэг. Хэдийгээр зургийг нь харуулж байгаа ч жинхэнэ эцэг чамд ийм хүн санал болгож байна, чи хүлээн зөвшөөрөх үү гэж шууд асуудаг юм байна.

 

-Нэг дор олноор нь гэрлүүлдэг нь ямар учиртай юм бэ?

 

-Гэр бүл бүгд хоорондоо нэгдэлтэй байх ёстой гэдэг. Тэнгэрлэг зарчимд нэгдэж дэлхийд үүнийг түгээх ёстой гэж үздэг. Тэрнийгээ хэрэгжүүлэхийн тулд нийтээр гэрлүүлэх зан үйлийг хийдэг.

 

-Яг ямар номлолтой шашин бэ?

 

-Тэнгэрлэг зарчмаа ойлгож шинэ бие хүн болж төлөвших ёстой. Шинэ бие хүн шинэ гэр бүлийг бий болгох ёстой. Шинэ гэр бүл бий болчихсон юм чинь шинэ нийгмийг бий болгох ёстой. Шинэ нийгэм бий болохоор шинэ ертөнц бий болно. Энэ дэлхий дээр бурхны хаанчлал бий болно гэж яриад байгаа. Бурхны хамгийн гол зорилго ариун гэр бүл бий болгох. Ариун гэр бүл нэг дор олон бий болж байна гэсэн үг. Тэр нь энэ ертөнц дээр төдий чинээ бурхны сургаалыг хүлээж авдаг болно. Бүгд нэг сүсэг бишрэлтэй болсноор энх тайван байдал тогтоно гэж үзэж байгаа юм. Үүний бас нэг цаад утга нь бурхны хаант улсын шинэ иргэн бий болж байгаа явдал.

 

Цаашлаад энэ ертөнц дээр гурван холбоо тогтох ёстой. Эхнэр нөхрийн хооронд найрсаг холбоо тогтох ёстой. Гэр бүл бурхны ивээл дор байх ёстой гэдэг. Тэд бурханд дуулгавартай хандах ёстой. Харин хүүхдүүдээ захиран тушаах үүрэгтэй гэж заадаг.

 

-Энэ шашныг зарим оронд бүр хориглочихсон байдаг юм билээ?

 

-Австри, Франц, Герман, Орос, Киргиз, Шенгений зарим орон, Хятадад гаж урсгал гэсэн жагсаалтад оруулдаг.

 

-Хориглосон оронд Мүүний шашин байдаг болов уу?

 

-Байдаг. Байхдаа хяналтад байдаг. Тагнуулын газар, цагдаагийн газар эсвэл Хууль зүйн яамных нь хажууд байдаг. Бүр Засгийн газрын хажууд шашны хэрэг эрхлэх төвийн дэргэд байлгана. Энэ байгууллага шашны бүх бодлогыг нь хянаж, зохицуулж байдаг. Нийгмийг хагалан бутлах эсвэл үндэсний аюулгүй байдалтай харшлах үйл ажиллагаа хийгээд ирэхэд зогсоодог. Ийм тусгай байгууллага бий. Манайд тийм байгууллага байхгүй. Цагдаагийн газар жаахан хянадаг байх. Ерөнхийлөгчийн доор шашны асуудал хариуцсан зөвлөл гэж бий. Тэр бол бэлгэдлийн чанартай. Цагаан сараар эсвэл науризын баяраар нэг шашны төлөөлөгчийг уриад хүндэтгэл үзүүлж яриад суудаг. Түүнээс шашны талаар төрөөс нэгдсэн бодлого барьдаггүй. 1990 онд Монголд шашны цунами буюу газар хөдлөлт болсон юм. Уг нь шашны талаар бодлоготой байсан. Сайд нарын дэргэдэх шашны асуудал эрхэлсэн байгууллага байсан. Гэтэл 1990 онд шашны тухай Үндсэн хуульдаа оруулж, үүнийг гадны шашныхан соргогоор мэдрээд хүрээгээ тэлэхийн тулд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

 

-Итгэгч орлогынхоо 30 хувийг өгдөг гэсэн үнэн үү?

 

-Тэр талаар сайн мэдэхгүй байна. Би энэ талаар дотор нь ороод судалж үзээгүй.

 

-Ингэхэд Мүүний шашин социализм, фашизмаас аюултай юу?

 

-Солонгос нэг үндэстэн мөртлөө хоёр хуваагдсан шүү дээ. Нэг нь капитализмын замыг сонгосон. Нөгөө нь коммунизмыг сонгосон. Сан Мён Мүүний бага нас Хойд Солонгост өнгөрсөн байдаг. Өөрийнх нь аав, ээж гэр бүлийнхэн Солонгосын бөө мөргөл, буддын шашин, Күнз гээд дорно дахины нөлөөтэй байсан. Сүүлд Христийн шашинд орсон гэж ярьдаг. Энэ хүний онцлог нь улс төрийн талаар номлол дэвшүүлдэг. Энэ нийгэм капиталист нийгэм, коммунист нийгэм гэж хоёр хуваагдаж байна гэдэг. Энэ шашин хүйтэн дайны үед үүссэн. Тэгээд коммунист нийгэм бол бурхныг үгүйсгэдэг. Өөрөө бурхантай уулзсан гэж яриад байгааг нь үгүйсгэдэг. Хүний итгэл бишрэл шашин шүтэх эрхийг бүдүүлгээр зөрчдөг. Нэг үгээр хэлбэл Сатанд хорлогдсон хүмүүсийн нийгэм гэж үздэг. Капиталист нийгэм бол бурхны ивээл дор байдаг нийгэм гэж номлол сургаалдаа дэлгэрүүлж тайлбарладаг.

 

-Улс төртэй холбоод байх юм. Юугаараа холбогддог юм бэ?

 

-Улс төртэй холбоотой гэдэг л юм. 1974 онд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихэд нь Rich­ard Nexon гэдэг хүнд дэмжлэг үзүүлсэн гэдэг. Тэгэхээр манай УИХ-ын гишүүдтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тэднийг шууд ивээн тэтгэх нэрийдлээр татахгүй. Өөрсдийн үйл ажиллагаанд урьж авчран, хамтран ажиллах санал тавьснаар өөрийн шашиндаа аажмаар оруулдаг.

 

-Сан Мён Мүүн шашны зүтгэлтэн юм уу?

 

-Анх Хойд Солонгост байхдаа коммунизмын эсрэг үзэлтэй гэж шоронд сууж байсан. Түүний дараа байгуулсан олон байгууллага нь татварын орлогын асуудал гаргаж, албан татвараа буруу мэдүүлснээс болж 18 сар шоронд суусан байдаг. Түүний мэргэжил нь цахилгааны инженер л дээ. Өөрөө энэ ертөнц дээр Будда, Мухамед гэх энэ олон зөнч нартай уулзсан гэж ярьдаг. Үүнийг нотлох аргагүй. Шинжлэх ухаан баримт нотолгоотой байдаг. Шашин бол хүний сэтгэл зүйд нөлөөлж, далд ертөнцтэй холбоотой учраас үүнийг батлах боломжгүй. Би бурхантэй уулзсан гээд л шинэ номлол дэлгэрүүлсэн хүн. Манайхаар шашныг хутгаад өөрийнхөө номлолыг дэлгэрүүлээд байгаа юм.

 

-Дахин төрөлт гээд шороонд булаад гаргаж ирдэг гэсэн зан үйл хийдэг гээд байгаа. Энэ нь үнэн юм болов уу?

 

-Үүнийг хэлж мэдэхгүй байна. Есүс Христтэй холбоотой юм болов уу. Есүс Христ бол энэ ертөнц дээр бурхны айлдварыг түгээх ёстой байсан. Оюун санааны хувьд аврагдсан. Биеийн хувьд Есүс Христ гэрлээд гэр бүлийн төгс жишээг хүн төрөлхтөнд үзүүлэх ёстой байсан. Тэрийг биелүүлж чадаагүй гэдэг. Есүс Христ дахин амилсан гэж ярьдаг шүү дээ. Дахин амилахдаа гэр бүл болж төгс гэр бүлийг байгуулж, шинэ нийгэм байгуулж чадаагүй гэдэг. Тэгэхээр Есүс Христ шиг дахин төрж гэр бүлээ байгуулдаг байж болох юм.

 

-Сан Мён Мүүн-ийг төгс гэр бүл байгуулж чадаагүй гээд ярих юм билээ?

 

-Төгс гэр бүл гээд яриад байдаг мөртлөө Сан Мён Мүүний гэр бүл төгс байж чадах уу гэсэн асуулт гарсан. Бэрийнх нь тухай гарсан байсан. Хүүхэд нь байнга архи ууж, хар тамхи татан эхнэрээ байнга зоддог гээд бичлэг цацсан байна лээ. Өөрөө хүүхдээ төгс болгож чадаагүй хүн яаж бусад хүмүүсийг төгс байлгаж чадах юм, энэ бол худлаа номлогч гэж АНУ-ын Гаж урсгалыг эсэргүүцдэг иргэдийн хөдөлгөөнийхөн гаргаж ирээд хэвлэл мэдээллээр цацсан байсан. Өөрийнх нь төрсөн хүүхэд ёс суртахууны доголдолтой байна. Хүүхэд нь эхнэрээ зодохоор эхнэрийг нь буруутгадаг гэсэн.

 

-Сан Мён Мүүн өөрөө хоёр удаа гэрлэсэн гэж ярьдаг юм билээ. Энэ үнэн үү. Тэгэхээр гэрлэсэн хос салж болдог байх нь ээ?

 

-Энэ судалгаанд сүүлийнх нь эхнэр Хакжа Хан Мүүний тухай бичсэн байдаг. Өөрөөс нь 23 насаар дүү юм байна. Өмнөх эхнэрийг нь бичээгүй учраас би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хоёр гэрлэсэн нь үнэн. Английн BBC дээр гарсан мэдээллээр гэрлүүлсэн хүмүүсийнх нь тал нь салж байсан гэсэн асуудал гарсан байдаг. Тэгэхээр салахыг зөвшөөрдөг юм байлгүй, мэдэхгүй байна.

 

-Энэ жил түүний эхнэр Хакжа Ха Мүүн хуримыг адисласан байсан. Түүний залгамжлагч гэж ойлгож болох уу?

 

-Тийм. Сан Мён Мүүн 2012 онд нас барсан. Түүний залгамжлагчаар эхнэр нь тодорсон байх. Тэр чинь ариун эх шүү дээ. Ариун гэр бүл гэж явдаг учраас түүний хүүхэд уламжлах болов уу. Бас гэрээслэл үлдээсэн байх.

 

-Тэд хатуу дэг журмаа яаж тогтоодог юм бол?

 

-Харики гээд засаг захиргааны шатлалтай. Жинхэнэ эцэг, эхийн доор жинхэнэ гэр бүлийн гишүүд байна. Гэр бүлийн гишүүдийн доор сүмийн номлогч нар байна гэсэн нарийн зохион байгуулалттай. Манайхаар бол сум, дүүрэг гэдэг шиг явдаг. Нийгмээс тусгаарлаж гэр бүлээс тусгаарладаг. Яг тэр тусгаарлагдсан хүнийг олъё гэвэл олдохгүй. Тэд нарийн дэг журам, хяналтад байгаа. Хэрэв яривал байгууллагын нэр хүндэд халдсан гээд шүүхэд хандана. Чамаас тэдэн төгрөг нэхэмжилнэ гэхэд хүн сэтгэл санааны дарамтанд орно. Тэгэхээр Мүүний шашинд явдаг хүн ярина гэдэг хэцүү. Тэр сүмээс гараад нийгмийн эмзэг бүлгийн хүмүүс хаашаа очих юм. Гэр орон байхгүй. Наашаа гэх ах, дүүс байхгүй учир гудамжинд л гарна шүү дээ. Тэгэхээр дулаан орон гэртэй, сүмийн нөлөөлөл болоод байнга хоолтой байгаа хүмүүс тэр байдлаас татгалзаж чадахгүй

 


18:19 - 2016-03-15 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2000
- The Moonies Who they Are - How they Work
- Rev Moon's Mysterious Empire...And Influence
- Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг)
- Мүүний шашин
- Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна
- ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ
- ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий
- Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд
- Монголын төрийг "хамж одох" МҮҮН
- Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…
- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА
- Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс
- Оюун ухааны занданшил
- Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ
- Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
- Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна
- П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ
- Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж
- Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг
- МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН
- ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН
- Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ
- “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол
- Зургийн гэрлэлт ба МҮҮН
- Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ???
- Мүүнийх болох Чингис
- Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна
- Мүүн ба улс төр
- Мүүний мөн чанар

Найзууд



:-)
 
xaax