Erchis

Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна



А.Сэвжид  2016.2

http://news.trends.mn/n/54624

https://www.facebook.com/serdaram

http://www.trends.mn/profile/27

https://twitter.com/serdaram

Сүүлийн үед Мүүнийн шашны тухай мэдээлэл цахим ертөнц болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээдгүй цацагдах болсон. Энэ талаар Дэлхийн энхийн Их наадам ТББ-ын гүйцэтгэх захирал, ШУТИС-ийн багш, түүхийн ухааны доктор Д.Сэрдарамтай ярилцлаа.

 

Ярилцлагаа эхлэхдээ таны хамгийн сүүлд өөрийн фейсбүүк хуудаснаа  бичсэн Дэлхийн Энхийн Их Наадам ТББ-ын ажил, Мүүнийн шашны хамаарлын талаар тодруулъя. Тэгэхээр “Мүүн” гэдэг шашин тантай яаж яваад холбогдов?

 

Фейсбүүк бол “мэдээллийн Нарантуул” зах шиг л маш олон хүн замбараагүй мэдээлэл цацдаг, мэдээлэл дунд төөрч, эрсдэлд өртөж болох хиймэл орчин. Намайг Мүүний шашинтай холбох шалтгаан нь тэр мэдээллүүд дунд яваа “Дэлхийн энхийн их наадам” ТББ-д ажилладагтай холбоотой байх. Хэдэн долоо хоногийн турш Мүүнийн шашны тухай мэдээлэл цацагдаж нийгмийн давалгаа үүслээ. Энд нэр холбогдсон Ц. Насанбаяр нь өөрийг нь барин тавин нотлоод байхад хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрөлгүй “Үгүй, Тийм зүйл байхгүй” гээд байгаагаас нийгмийн бухимдал, хоосон айдсыг улам л давалгаалуулаад байгаа нь харамсалтай.

Нийгэмд сүүлдээ Мүүн биш, мөн гэсэн нэр хоч, айдас хүйдэс давамгайлсан үзэгдэл газар авлаа. Тэр Мүүнд холбогдоод байгаа хүмүүс зарим нь өөрийнхөө хийж байсан зүйлийг үгүйсгэж, эсвэл тайлбарлахаас зайлсхийгээд айдаст автчихаж.

Тийм болохоор энэ талаар хүмүүст үнэн бодит ойлголт өгье гэж найдаад танайд хандсан. Хэрэг дээрээ Мүүнийн хөдөлгөөн нь нэг жижигхэн сүм, нийгэмд өөрийнхөө хийж байгаа зүйлээрээ ялгарах гэсэн ердийн хэдэн залуучууд л байгаа байх.

Мэдээллийг хэдхэн эх сурвалжаас аваад зориудаар давалгаалуулж тараагаад байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд тодорхой үнэн бодит ойлголт, мэдээллийг олон нийтэд дамжуулах үүрэгтэй эрх чөлөөтэй нийгэмд бид амьдарч байгаа биздээ? Гэтэл тэгэхгүй шуугиан, адал явдал хайж, мөрөөрөө ажиллаж байгаа бидний ажлыг шууд үгүйсгээд байгаа нь харамсалтай байна.

 

Анх би өөрөө ч гэсэн одоо цацагдаад байгаа мэдээллийн хүрээнд ойлголттой байсан учраас ажилд орохоос өмнө энэ байгууллагыг, мөн Мүүнийг өөрийн хэмжээндээ сайн судалсан.

 

Зохион байгуулдаг үйл ажиллагаанууд, удирддаг хүмүүстэй нь уулзаж ярилцсан, судалгаа хийсний дараа ямар нэгэн шашны үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг ойлгоод ажиллаж эхэлсэн.

 

Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн шашны үйл ажиллагаа зохион байгуулсангүй, бусад ТББ шиг нийгмийн сайн сайхан, Энх тайван, Хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна.

 

Энэ хугацаанд энэ ТББ-аас явуулж байгаа үйл ажиллагаанаас Мүүний шашны нэг ч элемент олж үзсэнгүй...

 

“Дэлхийн энхийн их наадам” ТББ нь ямар байгууллага, ямар үйл ажиллагаа нийгэмд зохион байгуулж байна вэ ?

 

Бид МҮОНТВ-тай хамтран “Эгэл амьдралын мөр” нэртэй эгэл иргэдийн ажил хөдөлмөр, амжилт бүтээлийг алдаршуулсан нэвтрүүлгийн төсөл амжилттай хэрэгжүүлсэн. Энэ төсөл зөвхөн 30 хүнээр хязгаарлагдаагүй.Хөдөлмөрч, амжилтад хүрсэн хүмүүсийг орон даяар сурвалжлан хайж, 200 гаруй хөдөлмөрч иргэдийн судалгаа мэдээллийг цуглуулж эхлүүлсэн энэ төслөө үргэлжлүүлэн хийсээр байх болно. Мөн зөвхөн тэднийг алдаршуулаад орхих биш “Бизнес Инкубатор төв” төслөөрөө дамжуулан тэдний хамтын ажиллагааг хөгжүүлж бизнесийг дэмжих, төсөл хөтөлбөр боловсруулахад нь мэргэжлийн удирдлагаар хангах ажил хийж байна. Дархан уул аймагт Солонгос улсад амжилттай хэрэгжсэн “шинэ тосгон” хөдөлгөөний хувилбар болсон Жишиг гэр хороолол гэсэн төсөл дээр ажиллаад 3 жил болж байна.

 

Бид бас нийгэмд сайн сайхан зүйл хийж бусдаа манлайлж, үлгэр дууриал болсон хүмүүсийн үйл ажиллагааг дэмжиж алдаршуулах зорилготойгоор “Энхийн шагнал” гэдэг арга хэмжээ хийдэг.

 

Нэг удаагийн шагналын үйл ажиллагаа ч биш тэднийг Монгол төдийгүй олон улсад сурталчлах зорилготой нийгмийн хүлээлтэд тулгуурласан үйл ажиллагаа.

 

Эдгээр бүх үйл ажиллагааг бид Дэлхийн энх тайвны санд төсөл бичиж өгч, шалгарвал Монголдоо хэрэгжүүлэхээр тодорхой хэмжээний санхүүжилт аваад үлдсэн хэсгээ хандив, хамтын ажиллагаагаар мөнгө босгон хэрэгжүүлдэг жирийн ажил. Хүмүүсийн ойлгодог шиг шашин, сүм хийдийн мөнгийг угааж түүнийгээ далдалсан ажил хийдэггүй. Монголд үйл ажиллагаагаа явуулдаг ТББ-уудын нэгэн адил татвар, хандив тусламж, тайлан тооцоогоо графикт хугацаанд нь өгч хянуулдаг хариуцлагатай байгууллага.

 

Одоогоос хэдэн жилийн өмнө Хүннү гүрнээс эхлэлтэй Дэлхийн энхийн их наадам хэмээн сүр дуулиантай үйл ажиллагааг танай ТББ-аас зохион байгуулсан. Тухайн үед тус наадмыг Мүүнтэй холбоотой гэсэн мэдээллүүд нэлээдгүй цацагдсан шүү дээ ?

 

Тийм. Гэхдээ тухайн үед ямар нэгэн шашны ямар ч үйл ажиллагаа болоогүй. Тус наадмыг АНУ-д төвтэй Global Peace Foundation буюу “Дэлхийн энх тайвны сан” гэсэн нэртэй байгууллагаас зохион байгуулсан. Энэ байгууллага дэлхийн олон улсад жил бүр Энх тайвны хөдөлгөөний хэлбэрээр Их наадам зохион байгуулдаг, тэр нь 2011 онд Монгол улсад болж таарсан юм байна лээ. Гэхдээ тэр үед хэвлэл мэдээллийн нөлөөллөөс болоод амжилттай зохион байгуулахад их саадтай учирсан үйл ажиллагаа болсон. Ийм үйл ажиллагааг Global Peace Foundation-ы салбар байгууллагууд өөрийн улсдаа зохион байгуулахыг хүсдэг эрмэлздэг.

 

Бидний зорилго ч гэсэн Энхийн их наадмыг Монголд зохион байгуулах, сайн зохион байгуулж нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилго байдаг. Хэрэв зохион байгуулах боломж гарвал Энх тайвны хөдөлгөөний алдартай хүмүүс, зочид төлөөлөгчид ирэхээс эхлээд тухайн улсын нийгмийн сайн сайхан зүйлд хэрэгтэй олон зүйлийг хийх боломжтой юм байна лээ.

 

Гэхдээ эргээд тайлан материалуудыг уншиж байхад Түүхч, судлаач хүний байр сууринаас харахад Хүннү гүрний түүхийг олон улсад харуулж, илтгэх том боломж байсан гэж бодогдсон. 

 

АНУ-д төвтэй “Global Peace Foundation” тухайн улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхтэй юу ?

 

Ямар хэмжээний байгууллага вэ гэдгийг АНУ дахь статусаас нь харах хэрэгтэй. АНУ бол хүчирхэг их гүрний хувьд ямар байгууллага, хэн гэдэг нөхөр юу хийгээд яваад байгааг мэдэх, ямар зөвшөөрлийг хэнд өгөхөө сайн мэдэх улс. Global Peace Foundation нь АНУ дахь төрийн бус байгууллагын 501 С3 ангилалд багтдаг байгууллага. Энэ нь тус ТББ-ын санхүүжилт нь хууль бус эсвэл ямар нэгэн шашны үйл ажиллагаагаар санхүүждэггүй тодорхой хандив, сайн дурын үйл ажиллагаагаар санхүүжсэн хууль ёсны байгууллага гэдгийг нь зөвшөөрөөд татварын хөнгөлөлт үзүүлдэг статус юм байна лээ. Яг энэ журмаар хүлээн зөвшөөрөгдөж олон улсад энх тайвны чиглэлээр төсөл хөтөлбөрт санхүүжилт өгч байнаа гэсэн үг. Төв байгууллагад нь нэр хүндтэй олон газар ажиллаж байсан, туршлагатай, өндөр шаардлага тавьдаг, ажил хэрэгч хүмүүс ажилладаг.

 

Бидэнд ажил хэрэгч байх шаардлага, зөвлөгөө өгдөг байгууллага. Монгол дахь салбартаа яг юунд хэдэн долларын санхүүжилт явуулснаа тайлагнадаг. Бид Global Peace Foundation-д сайн төсөл, хөтөлбөр бичиж өгч шалгарвал үйл ажиллагаагаа явуулах боломжтой. Тиймээс дээр дурьдсан төсөл, хөтөлбөрийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Илүү сонирхолтой, илүү олон нийт нийгмийн сайн сайхандхэрэгтэй үйл ажиллагаа сэдээд түүнийгээ хэрэгжүүлэх боломжийг Global Peace Foundation-д өгч чадвал бидний үйл ажиллагаа өргөжих болно. Чадахгүй бол санхүүжилт зогсоод энэ байгууллага хаагдах нь энгийн зүйл. Дэлхийн зөн, Адра, Соросын сан зэрэг олон сангуудтай яг л адилхан төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг энгийн зарчим болохоос биш бид ямар нэг харгис шашныг хаацайлсан, нүүрээ нуусан ТББ биш. Хүсвэл хэн нь ч ирээд бидний үйл ажиллагаа, санхүү, хэрэгжүүлж байгаа ажлуудын тухай мэдээлэл авах боломжтой.

 

Магадгүй танай ТББ-ыг “Мүүн”-ийн шашинтай холбох гол шалтгааны нэг нь “Энх тайван” гэсэн утга агуулсан үг хэллэгийг түлхүү ашиглаж байгаад байх. Сүүлийн үед ч Цэнхэр үст Цэрэн нэрээр олон нийтийн сүлжээнд  танигдсан эмэгтэй Мүүнийн шашныг маш хүчтэй эсэргүүцэж байна. Та түүнтэй уулзаж байсан уу?

 

Тэр бүсгүйтэй танил. Тэр бүү хэл бид нэг хүнийг хилс хэрэгт гүтгэж шийтгэсэн хэргийн  эсрэг хамтран ажиллаж байсан. Миний хувьд энэ байгууллагынхаа талаар, бид шашин дэлгэрүүлж байгаагүй талаар тайлбарлах гэж санал тавьж байсан.

 

Ер нь Мүүнтэй холбох хамгийн том шалтгаан нь GPF-ийг үндэслэгч Хён Жэ Мүүн нь Мүүнийн шашныг үндэслэгчийн том хүүхэд, түүний үйл ажиллагаатай холбоотой.

 

Мүүний гэр бүл бол олон зүйл хийсэн, будлиан, зөрчил тэмцэл хийсэн, бөөн хямралтай, сонин түүхтэй гэр бүл. Сайнаас илүү муу нэр ихтэй байсантай холбоотой. Бараг тайлбарлах гээд яриулж, ярьж байгаа хүн нь өөрөө ч будилж мэдэхээр сонирхолтой нөхдүүд байсан байгаа юм. Мүүний шашин, Энх тайвны хөдөлгөөн хоёрын зам салсан нь тэр гэр бүлийн жинхэнэ хямрал болсон юм байна лээ. Монголчууд битгий хэл Солонгосчууд нь хүртэл учрыг нь ойлгохоо байсан зүсэн зүйлийн юм хийж, зарим нэгэнд нь адлагдсан, зарим нэгэнд нь тахигдсан ёстой судлууштай нөхөд.

 

Хён Же Мүүний “Солонгосын мөрөөдөл” гэсэн ном ноднин жил Солонгос улсдаа бестселлерээр нэлээд удаан байсан нэг ном бий.

 

Бид тэр номыг орчуулаад олон нийтэд тараачихвал аймшигтай хар Мүүн гэсэн зохиомол айдас, дуулиан, гүтгэлэг магадгүй алга болох байх гэж бодож байна.

 

Аавынхаа оршуулах ёслолд оролцож чадахгүй болтлоо гэр бүл дотроо гадуурхагдсан түүний үзэл бодлыг шашин биш гэдгийг олон нийт ойлгох байх аа. Харин олноор нь гэрлүүлдэг энэ тэр гээд шашны үйл ажиллагаа нь Хён Же Мүүнээс илүү дүү нарынх нь хийдэг Культын үйлдэл. Тэрэнд оролцож байсан хүмүүс нь учрыг тайлбарлаад хэлчихвэл “ее хөөрхий дөө. Ийм л инээдтэй” зүйл байсан юмуу? гэж бодогдох зүйл.

 

 

Төр мөнгө аваад төсөл хэрэгжүүлдэг компани маягийн болчихсон

 

Мүүнийн шашны сүмийнх нь нэр “Эв нэгдлийн сүм” бил үү? Энэ нь үнэхээр Монголд сүлжээ хэлбэрээр байдаг уу? Э.Цэрэндолгорын хэвлэлийн бага хурал дээр өгсөн мэдээлэлүүд үнэн үү?

 

Мүүнийн хөдөлгөөн Монголд байсан уу? Байсаан гэж хийж байгаа, оролцож байсан хүмүүс дуугарахгүй байгаа нь харин надад хачирхалтай санагдаад байна. Хүний нэр төр, сандал ширээний асуудлаас илүү “гаж хандлага, буруу үзэл суртал” гэж дайрч давшлуулаад байхад нь энэ чинь ийм учиртай байсан юм байна лээ. Би тэгж бодож байсан чинь биш байсан юм байна лээ гээд ойлголцоод яриад тайлбарлаж болно доо.

 

Би энэ байгууллагын ажилтан хүнээс гадна судлаач хүний хувьд Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байгааг ойлгох ухамсартай хүмүүс манай нийгэмд цөөхөн болчихсоныг олж харж байна.

 

Ийм газар фашизм, үндэсний дээрэнгүй үзэл цэцэглэх нь амархан. Мао даргад нийгмийн ийм айдас “Бяцхан улаан номын цэргүүд”-ийг бэлтгэж өгсөн. Мүүний хөдөлгөөн Монголд байсаан. Гэхдээ ганц нэг хүн бүтнээрээ боловсролын яам юм уу? Би зарим нэг хүнтэй боловсролын шинэчлэлийн асуудлаар маргалдаад өрөөнөөс нь оюутнуудтайгаа хөөгдөөд гарч ч байсан. Ер нь энэ шуугианы жинхэнэ эзэд нь чимээгүй байгаа цөөн хэдэн хүн, хохирогчид нь Мүүний хөдөлгөөнд ямар нэг хэлбэрээр оролцож, нэр холбогдож явсан хүмүүс, ялангуяа улс төрчид. Харин ямар ч харъяалалгүй атлаа хамаатуулагдаж хохирсон нь Дэлхийн энхийн Их наадам, түүний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр болж байна.

 

Та Мүүнийн шашны талаар ямар мэдээлэл, ойлголттой байна вэ ?

 

 Би Солонгост суралцаж байсных энэ шашны талаарх мэдээллийг бусад хүмүүсийн адил хэмжээнд мэддэг. Солонгосчуудын туйлын мөрөөдөл ямар нэгэн аргаар Солонгосын хойгийг нэгтгэх. Өмнөд Солонгост протестант шашны урсгалууд маш хүчтэй. Сүм нь эдийн засгийн бааз суурьтай сайн номлогчтой байвал хүчирхэг байх боломжтой. Харин АНУ-д шашинд  тулгуурласан энх тайвны хөдөлгөөн маш хүчтэй. Хоёр хөл нь АНУ, Өмнөд Солонгост байдаг  Мүүнийн хөдөлгөөн тэр хэмжээгээр олон нийтийн талархлыг олсон. Эцэг Мүүн нь Солонгосын нэгдлийн цэг нь энхтайван болон шашин гэж номлосон байгаа юм. Хүйтэн дайны үед Горбачев, Ким Ир Сен, Ким Чен Ир зэрэг удирдагчидтай уулзаж, АНУ-ын ерөнхийлөгчдийн мэтгэлцээнд уригдах зэргээр их нэр хүндтэй байсан. Гэхдээ тэр өөрийн сургаалиа Культ хэлбэрээр авч явсныг шүүмжлэх хүмүүс их байдаг. Нас бие бартлаа маргаантай үзэл бодолтой байсан болохоор хүүхдүүд нь хоорондоо хоёр хуваагдсан. Том хүү нь энхтайвны хөдөлгөөн бол Мүүнийн хөдөлгөөний хамгийн зөв зам гэсэн бол, дүү нар нь шашны үйл ажиллагаанд илүү ач холбогдол өгсөн. Ах дүүсийн хооронд тангараг тасрах хэмжээний зөрчил бий болж, Дэлхийн Энх тайвны сан нь шашны үйл ажиллагаа явуулдаггүй гэж албан ёсоор зарласан. Энэ байгууллагын үйл ажиллагаануудыг АНУ-ын БН-ын Тинк Танкыг үндэслэсэн судлаачид хүртэл дэмжин оролцдог. Африк, Латин Америкт хүртэл энхтайвны амжилттай үйл ажиллагаанууд явуулж байгаа олон улсын байгууллага.

 

Та шашин судлаач гэж байсан. Ер нь шашин судлалд Мүүний шашныг хэрхэн үздэг вэ ?

 

Шинжлэх ухааны талаас нь шашныг нийгэмд үйлчлэх байдлаар дараах хэлбэрээр ангилдаг. Уламжлалат шашин (Эклессия) хэлбэр. Энэ нь хүмүүс уламжлалаа харгалзан шүтдэг буюу уламжлалт шашин. Өөрөөр хэлбэл Буддын, Христийн, Католик, Ислам зэрэг тухайн үндэстний нийгмийн үнэт зүйлийг тодорхойлдог дэлхийн хэмжээний шашнууд юм. Дараагийн хэлбэр нь Дэвшилтэт (деноминац) хэлбэр буюу уламжлалт шашин нийгмийн хэрэгцээг хангаж чадахаа байсан үед болон нийгэмд шинэ хандлага, шинэ үнэт зүйлс бий болоход үүсдэг шашин. Өөрөөр хэлбэл уламжлалт шашин нийгмийн хөгжлийг дагаад шинэчлэгдэх, эсвэл гаднаас өөр философи, үзэл хандлага бүхий шашин орж ирэхийг хэлнэ. Харин үлдсэн гурван хэлбэр нь нийгмийн цөөнх хэсэг шүтдэг Зохион байгуулалттай сект, Сект, Культ гэсэн хэлбэр. 

 

Энэ дундаа Культ нь хамгийн харгис буюу өөрийн дагалдагчдынхаа амьдралын хэв маягт нь хөндлөнгөөс оролцдог шашны хэлбэр. Мүүний шашны олноор нь гэрлүүлэх хэлбэр нь яах аргагүй “Күльт” хэлбэртээ орно. Тиймээс гаж урсгал гэж олон нийтэд ойлгогдоод байгаа.

 

Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр Мүүнийн шашинд томоохон улстөрчид холбоотой гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Та тэр талаар юу мэдэх вэ ?

 

Уламжлагдсан бодлого, зарчим байхгүй, ядуугийн зовлон юм уу гэмээр мэдээлэл муутай хүний үйлдэл гэж хэлэх байх. Хүн мөнгө л өгч байвал түүн рүү хошуурцгаадаг нь бодлогогүй үйлдэл байснаа улс төрчид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийнхээ дэргэд үзмэрч биш тинк танк нь болж өгдөг судлаачидтай байгаагүйн аюул. Мэдээлэл сайтай байсан бол тэгж дагаж гүйгээд байхгүй. Гэхдээ Мүүний хөдөлгөөн тухайн үедээ яах аргагүй олон улсын хөдөлгөөн байсан.

 

Эцэг Мүүн нь амьд шашин, энх тайвны хөдөлгөөнийг ялгахад бэрх үед ийм явдал болж байсан болов уу? Угаасаа зохион байгуулалтай сект, шашин зэрэг нь хамгийн түрүүнд ямар хүмүүсийг урхидаж, хамтран ажиллах вэ гэдгийг тодорхойлж, дараа нь өөрсдийн нөлөөлөлдөө автуулдаг.

 

Гэтэл манайхан чинь мөнгө л өгч байвал хэн гэдэг нь хамаагүй. Яамдууд нь мөнгө нь орж ирсэн төслийг шууд л хүлээгээд авчихдаг. Өөрөөр хэлбэл төр нь мөнгө аваад төсөл хэрэгжүүлдэг компани маягийн болчихсон.

 

Магадгүй “Энхтайван” гэж хэлэх юм бол Мүүнийн шашинтан юм шиг нийгэмд ойлгодоод байна л даа ?

 

Тэгэлгүй яахав. Хуучин нийгэмд дамын наймаачин гэхээр хүн муу хэлдэг байлаа. Үүнтэй адил болчихоод байна. “Энх тайван”-ы сангийн удирдагч Хён Жей Муунийн өөрийнх нь зорилго нь ээдрээтэй үзэл бодолтой ааваасаа авахыг нь авч, шашнаас салгаж олон улсын хөдөлгөөн болгох гэсэн жирийн хүсэл. Энх тайван гэдэг үг ямар нэг шашин, хүнд өмчлөгдөх үг биш. Энэ бол бүх нийтийн хөдөлгөөн. Энэ бол хүнийг хараар будаж айлгах гэсэн зэвсэг ч биш. Манай байгууллага, Монгол улсад энэ байгууллагатай хамтран ажиллах, мөн Монголын амар амгалан, энх тайвныг олон улсад сурталчлах боломж байгаа тул бид энэ байгууллагатай хамтран ажиллахыг, өөр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг хичээж ажиллахаас бус шашин дэлгэрүүлэх гээгүй гэдгийг ойлгуулмаар байна.

 

Зарим улсад энэ шашныг хаачихсан гэдэг. Харин Монголд “хориглох” эрх зүйн орчин нь хэр байгаа вэ ?

 

Бид эрх чөлөөт тусгаар улсын иргэд. Хууль хяналтын байгууллага энэ талаар ажиглаж, хянаж байгаа байх. 2011 онд манай байгууллагын санхүү, үйл ажиллагааг маш нарийн шалгасан. Улс төрчдийн нэр холбогдсон, зохион байгуулсан үйл ажиллагаа нь улс төрийн сөрөг мэдээлэлтэй холилдсон болохоор. Энх тайвны нэрээр хамтран ажиллахыг хүсэж байсан хүмүүс хадны мангаа харсан юм шиг зугатаах ч хүмүүс бий, бүр дэмжиж, хамтран ажилладаг хүмүүс ч олон бий. Тиймээс үнэхээр шашны Култийн хэмжээний үйл ажиллагаа явуулаад байгаа хүмүүсийг нь олж тогтоогоод хөөж гаргаад үйл ажиллагааг нь хориглох хууль эрх зүй нь манайд байна.

 

 


18:46 - 2016-03-15 - Сэтгэгдэл бичих

Тухай:



Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- 2000
- The Moonies Who they Are - How they Work
- Rev Moon's Mysterious Empire...And Influence
- Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг)
- Мүүний шашин
- Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна
- ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ
- ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий
- Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд
- Монголын төрийг "хамж одох" МҮҮН
- Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал…
- ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА
- Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс
- Оюун ухааны занданшил
- Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ
- Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл
- Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна
- П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ
- Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж
- Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг
- МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН
- ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН
- Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ
- “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол
- Зургийн гэрлэлт ба МҮҮН
- Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ???
- Мүүнийх болох Чингис
- Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна
- Мүүн ба улс төр
- Мүүний мөн чанар

Найзууд



:-)
 
xaax