Erchis |
Мүүн ба улс төрhttp://tsagtur.mn/%D0%BC%D2%AF%D2%AF%D0%BD-%D0%B1%D0%B0-%D1%83%D0%BB%D1%81-%D1%82%D3%A9%D1%80/ Дэлхийн түүхэнд шашны элдэв гаж урсгал, буруу номлолоор олныг төөрөгдүүлсэн тохиолдол бишгүй.
Өнгөрсөн зууны сүүл хагаст л гэхэд АНУ-ын Калифорни мужид Мэнсоний гэр бүл гээч хөдөлгөөнийг байгуулсан Чарльз Мэнсон ад зэтгэрийн хорлол хүртэгсдийг гэсгээхийг дагалдагсдадаа тушааж, долоон хүний аминд хүрсэн бол Ард түмний сүм гээчийг үндэслэсэн Америкийн иргэн Жим Жонс Гайана улсад өөрийн нэрээр Жонстаун хэмээх хот байгуулж, тэнд цугтаа амьдарч байсан 900 гаруй итгэгч нь 1978 онд бүгд амиа егүүтгэж байв.
Японы иогийн багш, номлогч Шоко Асахарагийн үндэслэсэн Аум Шинрикё хэмээх шашны хөдөлгөөнийхөн мөн 1995 оны гуравдугаар сард Токиогийн метрон дотор хорт хий цацаж, арав гаруй хүнийг хөнөөсөн нь олныг цочирдуулсан.
Энэ мэт олон хэргийн дараа шашны гаж буруу урсгалуудын талаар дэлхий нийт өргөн хүрээнд ярьж, бичих болж, үйл ажиллагаа нь тодорхой бус зарим шашны хөдөлгөөнийг террорист байгууллага гэж үзэх болжээ.
Харин шинэ хэмээгдэх шашны урсгалуудаас шинэ зуун гарсан ч хүчтэй хэвээр байгаа, ихээхэн сэжигтэй нь Мүүний шашин.
Хэчнээн дагалдагчтай нь тодорхойгүй ч дэлхийн хэмжээнд хоёр сая орчим хүн энэ урсгалыг шүтдэг гэсэн мэдээ бий. Зарим улсад хориотой урсгал гэгдэж, заримд нь үл тоогддог Мүүний шашин дэлгэрч байгаа гэх улсын тоонд манай улс цохиж яваа.
2008 онд мүүнийхэн Улаанбаатар хотод Дэлхийн энхийн их наадам зохион байгуулсны дараа энэ шашны урсгал болон үндэслэгч Сан Мён Мүүний гэгчийн талаар бид хангалттай ихийг дуулсан.
Товчхондоо, Мүүн бол шашин биш. Өөрийгөө Есүс Христийн үгийг дамжуулагч, дутууг нь гүйцээгч гэж өргөмжилсөн Сан Мён Мүүн 1940-өөд онд үндэслэсэн шашнаа 1954 онд Эв нэгдлийн сүм (албан ёсны нэр нь Дэлхийн энхтайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо) гээчийг байгуулж, баталгаажуулж аваад, далбаан дор нь гэр бүлийн бизнес эрхлэх болжээ.
Аврагч Мессиягийн дүрдээ ёстой л орох гэдэг болж, удалгүй өсвөр насныхны тархийг угаан гэр бүлээс нь тусгаарлаж, өөрийгөө “Жинхэнэ эцэг”, эхнэрээ “Жинхэнэ эх” хэмээгээд төрсөн эцэг, эхийг нь чөтгөр шулам гэж итгүүлэх болсон. Үүнээс гадна эмэгтэйчүүдийг “ариусгах” гэж тэдэнтэй бэлгийн харьцаанд орох, сүмийнхээ гишүүн залуусыг ердөө гэрэл зургаар нь танилцуулж гэрлүүлэх зэрэг гаж буруу олон дүрэм тогтоожээ.
АНУ-ыг ид байлдан дагуулж ахуйд нь буюу 1970-аад онд тус улсын зарим албаны хүн Сан Мён Мүүнийг хүүхэд, залуусыг мунхруулагч аюултай этгээд гэж үзсэн ч дорвитой арга хэмжээ авч чадаагүй байна. Мүүнийг эхнэрийнх нь хамт нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг Герман тэргүүтэй Шенгений 14 улс гаргаж байсан ч 2005, 2006 онд зарим нь хоригоо цуцалжээ.
Эв нэгдлийн сүмийнхний хувьд улс төр бол үйл ажиллагаагаа бэхжүүлэх, хөрөнгө мөнгө хуримтлуулах гол талбар нь. Тиймээс ч гадаадын улс орнууд руу байнга зорчих нь Мүүнийхэнд чухал байсаар ирсэн. Хэдийгээр улс төрд шуудхан шургалаагүй ч Сан Мён Мүүний гэр бүл 1940-өөд оноос хойш олон орны эрх баригчидтай ойр дотно харилцаатай байж, улс төрийн замналд нь тус дэм болон, хариуд нь дэлхийг хэрсэн бизнесээ цэцэглүүлсэн байх юм.
Сан Мён Мүүн 1940-өөд оны эхээр Солонгосын тусгаар тогтнолын төлөө, Японы эсрэг тэмцэж байсан Коммунист намын идэвхтэй дэмжигч явжээ. Харин Солонгосын дайны дараа буюу 1950-иад оны дунд үеэс коммунизмыг эсэргүүцэгч болсон байна. Олон цол, гуншинтай хэдэн зуун байгууллагынх нь нэг болох, 1964 онд байгуулагдсан Солонгосын соёл, эрх чөлөөний сангийнх нь хүндэт гишүүнээр АНУ-ын Ерөнхийлөгч Харри Труман, Дуайт Эйзенхауэр, Ричард Никсон нар хүртэл сонгогдож байсан түүхтэй.
Р.Никсоныг 1974 онд Уотэргэйтийн гэх дуулиантай хэрэгт хутгалдахад сүмийнхээ гишүүдээр гурав хоног мацаг бариулж, түүний төлөө залбирал үйлдүүлж байжээ. Цагаан ордны тэргүүн дараа нь эрхэм санваартан Мүүнд олны өмнө талархал илэрхийлж, хөл хөөр болон хүлээж авсан байдаг.
Энэ уулзалт Сан Мён Мүүнийг 1976 онд News World Communications хэмээх олон улсын медиа группийн эзэн болоход нь их, бага хэмжээгээр нөлөөлсөн нь гарцаагүй. Тус групп өдгөө “Вашингтон таймс” болон БНСУ, Япон, Өмнөд Америкийн хэд хэдэн сониныг эрхлэн гаргадаг. News World Communications Мүүнийх болсноос хойш жилийн дараа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны Олон улсын байгууллагуудыг хариуцдаг дэд хорооноос БНСУ-ын Тагнуулын алба Эв нэгдлийн сүмийн гишүүдээр дамжуулан Америкт нөлөөллөө тогтоож, Конгресст тус сүмийн зарим нөлөө бүхий хүнийг сайн дурын ажилтны хувиар шургуулсан талаар мэдээлж байжээ.
Гэвч энэ нь мүүнийхнийг 1980 онд Коммунизмтай тэмцэх олон улсын боловсролын байгууллагыг Нью-Йорк хотод байгуулахад нь садаа болсонгүй. Тус байгууллага 1980-аад оны дунд үед гэхэд 20 гаруй улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байв. 1984 онд Эв нэгдлийн сүм ээлжит нэгэн томоохон байгууллагаа байгуулсан нь Вашингтонд төвтэй Олон нийтийн бодлогын хүрээлэн юм. Тус байгууллага Стэнфордын болон Чикагогийн их сургуулийн судалгаа, семинаруудыг өнөө ч хариуцдаг гэдэг. Мөн онд Виржинияд байгуулагдсан Шашны эрх чөлөөний төлөөх олон улсын эвсэл гээч нь олон орны шашны бодлогод хүртэл нөлөөлсөн гэгддэг.
1985 онд буюу ЗХУ задран унахаас зургаан жилийн өмнө байгуулагдсан Дэлхийн энхтайвны академи нь мөн л Сан Мён Мүүний санаачилга байв. Тус академиас “Коммунизмын дараах дэлхий” хэмээх олон улсын чуулганыг Женевт зохион байгуулсан байдаг. Сан Мён Мүүн 1990 оны дөрөвдүгээр сард коммунизмын дараах дэлхий ертөнцийн талаарх үзэл бодлоо хуваалцахаар ЗХУ-д зочилж, Михаил Горбачёвтай уулзаж байв. Энэ үеэс хуучин коммунист засаглалтай байсан орнууд руу үйл ажиллагаа тэлж, Ким Ир Сентэй хүртэл олон улсын харилцаа, аялал жуулчлал зэрэг асуудлаар санал солилцож явжээ. 1994 онд БНАСАУ-ын их удирдагчийг таалал төгсөхөд оршуулгын ёслолд албан ёсоор уригдсан Өмнөд Солонгосын цөөн иргэний нэг нь Сан Мён Мүүн байлаа.
Хэдийгээр олон хүний аминд хүрэхээр аюултай биш байж болох ч хүүхэд, залуусыг гэр бүлээс нь салгаж, нийгмээс тусгаарлан, мөнгө олох хэрэгсэл болгож, төр улсын хэрэгт оролцоно гэдэг том аюул биш үү...
“Жинхэнэ эцэг”-ийг төрийн хэмжээнд хүлээж авсан өөр нэгэн улсын тэргүүн бол АНУ-ын Ерөнхийлөгч асан, “Том” хэмээгдэх Буш. Жорж Бушийг 1988 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд Эв нэгдлийн сүм олон сая ам.долларын тусламж үзүүлж байсан гэх мэдээ бий. Тэрбээр эхнэр Барбара Бушийн хамт Сан Мён Мүүнтэй 1995 онд уулзаж, Японы нийслэл дэх “Tokyo Dome”-д болсон энхийн их чуулганд оролцож байв. “Том” Бушаас гадна Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Мүүнтэй дотно харилцаатай байсан гэдэг. 1998 онд Египетийн “Аль-Ахрам” сонин энэ талаар дэлгэрэнгүй мэдээлж байжээ.
2000 онд Сан Мён Мүүн Дэлхийн төрийн бус байгууллагуудын холбоо гээчийг байгуулсан нь улстөрчдийг санхүүжүүлж, байр сууриа бататган, гэр бүлийн бизнесээ өргөжүүлэх гэсэн ээлжит оролдлого нь байв. Тус байгууллага НҮБ-ын үндсэн чиг, үйл ажиллагаатай эсрэгцэх ажлууд хийдэг гэдэг. Энэ мэт байгууллага, төрийн бус холбоодынх нь тоо 300 давсны хойно буюу 2003 онд Эв нэгдлийн сүмийн гишүүд улс төрийн хүчин байгуулжээ. Бурхан, энхтайван, эв нэгдэл, гэр бүлийн төлөөх нам гэсэн сүржин нэртэй уг намын гол зорилго нь хоёр Солонгосыг нэгтгэх гэнэ.
Тус намтай төстэй улс төрийн хүчнийг Америк, Японд мөн байгуулах тухай яригдаж байх үед буюу 2004 онд Америкийн хэд хэдэн улстөрч, түүний дотор Иллинойс мужаас сонгогдсон Конгрессийн гишүүн Дэнни Дэвис “Жинхэнэ эцэг”, “Жинхэнэ эх”-ийн титэмний суурь болох зөөлөвчийг барингаа Эв нэгдлийн сүмийн тэргүүний өмнө мэхийж буй бичлэг цацагдаж шуугиан дэгдээж байв. Сан Мён Мүүнийг дэмжигч улстөрчдийн тоонд БНСУ-ын Эв нэгдлийн сайд асан Ли Чэ Жун, Балбын Ядууралтай тэмцэх яамны сайд Эк Нат Дакал, Зимбабвейн Ерөнхий сайд Морган Цвангираи нарын улстөрчийн нэр дурдагддаг. Харин Монголын улс төр дэх мүүнистүүдийг Мүүний шашныг найман жил судалсан гэх иргэн Э.Цэрэндолгор нэрлэсэн байна билээ.
Сан Мён Мүүн 2012 оны есдүгээр сарын 3-нд нас барсан. Эв нэгдлийн сүмийн тэргүүнээр өдгөө түүний эхнэр Хак Жа Хан, ууган хүү Хё Жин Мүүн нар нь ажиллаж байгаа. Үндэслэгч “Жинхэнэ эцэг” нь үгүй болсон ч Мүүний шашин хүчтэй хэвээр байгаа нь орон орны улстөрчидтэй нягт холбоотой, толгой эргүүлсэн дээрх олон байгууллагатай нь холбоотой юм. Сүүлийн жишээ дурдахад БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр 2012 оны арванхоёрдугаар сард буюу Сан Мён Мүүнийг нас барсны дараахан сонгогдсон Пак Гын Хег чухамдаа Эв нэгдлийн сүмийнхний дэмжлэгтэйгээр засгийн эрхэнд гарсан гэж зарим ажиглагч үздэг байна. Түүний дүү эмэгтэй Пак Гын Рён 2009 онд мүүнийхний “хоморголон” гэрлүүлэх ёслолын үеэр эрд гарчээ.
Дээрх баримтууд Мүүнийг шашин биш, ердөө хийрхэл, асар их мөнгөний ажил болохыг нь нотолно. Хэдийгээр олон хүний аминд хүрэхээр аюултай биш байж болох ч хүүхэд, залуусыг гэр бүлээс нь салгаж, нийгмээс тусгаарлан, мөнгө олох хэрэгсэл болгож, төр улсын хэрэгт оролцоно гэдэг том аюул биш үү...
Г.Дулам 18:45 - 2016-03-15 - Сэтгэгдэл бичих |
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - 2000 - The Moonies Who they Are - How they Work - Rev Moon's Mysterious Empire...And Influence - Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг) - Мүүний шашин - Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна - ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ - ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий - Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд - Монголын төрийг "хамж одох" МҮҮН - Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал… - ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА - Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс - Оюун ухааны занданшил - Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ - Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл - Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна - П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ - Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж - Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг - МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН - ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН - Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ - “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол - Зургийн гэрлэлт ба МҮҮН - Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ??? - Мүүнийх болох Чингис - Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна - Мүүн ба улс төр - Мүүний мөн чанар Найзууд |