Erchis |
Монголын төрийг "хамж одох" МҮҮНhttp://www.sonin.mn/news/gemt-hereg/57749 Нийтэлсэн: 2016-02-23 12:12:00
Олонд “цэнхэр үст Цэрэн” гэх нэрээр танигдсан Э.Цэрэндолгор гэх эмэгтэйн дэлгэсэн “Боловсролын салбарт шашны гаж урсгалын идэвхтэй төлөөлөгч бодлого тодорхойлох ёсгүй” гэх үзэл өвсөнд ассан гал мэт дүрэлзэж, ойрын өдрүүдэд нийгмийн сүлжээнд халуун хэлцэл өрнүүлж байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдийн дуулианд нэр холбогдсон БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлт газрын дарга Б.Насанбаяр МҮОНТВ-ээр ярилцлага өгсөн боловч хардагдаад буй МҮҮН гээчтэй ямар ч холбоогүй гэдгээ нотолж чадсангүй ээ.
Б.Насанбаярыг МҮҮН-ий шашинтай холбоотой гэдгийг түүний ухуулгаар Мүүнд нэгдсэн гэх залуучууд нотолж, өөр өөрсдийн фэйсбүүк хуудсаар дамжуулан мэдээлж, өөрт тохиолдсон жишээг ярьцгааж эхэллээ. Энэ нь асуудал цахим сүлжээнд дахин эрчтэй өрнөх шалтгаан болов. Мэдээлэл асар хурдан дамжиж Монголд МҮҮН-ий шашин гээчийг ганц Б.Насанбаяраар тогтохгүй олон хүн их бага ямар нэгэн хэмжээгээр шүтдэг, тус шашинтай холбоотой гэх мэдээлэл#ч хөвөрч эхэллээ.
ТЭД ХЭН БЭ? Улс төрийн тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг, “Номин” компанийн захирал, УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэн, МҮАН-ын дарга М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан Ч.Содномдорж, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, “Чингис” дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхийлөгч асан П.Очирбат, УИХ-ын ТББХ-ны дарга А.Бакей, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зэрэг монголын улс төр, нийгэмд нөлөө бүхий маш олон хүн МҮҮН-ий шашин гээчийн улаан фэн биш юм гэхэд МҮҮН гэсэн хаягтай энэ том малгайд “хамааралтай” гэж 2011 онд “Үндэсний тойм” сэтгүүл нийтэлсэн байх юм.
Тус нийтлэлд Д.Бямбасүрэнгээс бусад Монголын үе үеийн Ерөнхий сайд нар Америк руу явж МҮҮН-ий семинарт суудаг байсан. Тэд Америк явах нь зөвхөн мөрөөдөл байсан учраас шалтаг болгон МҮҮН-чүүдийг нэгтгэсэн Дэлхийн энхтайваны төлөөх шашин хоорондын холбооны дэмжлэгийг авч Олон улсын энхтайваны конференцид оролцдог байсан талаар дурджээ. Мөн Солонгос болон АНУ-д зохион байгуулагддаг энэ конференцид Монголын нэр нөлөө бүхий хүмүүс, УИХ-ын гишүүд, их, дээд сургуулиудын захирал, бизнесменүүд явдаг байсныг тэмдэглэсэн байна.
Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгээс бусад хэмээн тодотгосон байхыг харвал энэ байгууллагын нөлөө манайд идэвхжээд хэдийнэ 20 гаруй жил өнгөрснийг харж болно. Харин тэдний “урхинд” Монгол Улсын хөгжлийн төлөө сэтгэл тавьдаг нийгэмд танигдсан хүмүүс яаж яваад орчихсон нь сонин. Тэдний нэрсийг цааш үргэлжлүүлбэл уртаас урт жагсаалт үргэлжилж, Мүүн гэж нэг шашны урсгал Монголын төрийг хамж одох хэмжээнд хүрч ч мэдэхээр байгаа юм.
ОЛНЫГ ХУЙЛРУУЛСАН МҮҮН ГЭЖ ЮУ ВЭ? Энгийнээр тайлбарлавал МҮҮН гэж “төгс, олон соёлт ертөнцийг жинхэнэ утгаар нь байгуулах” зорилго өвөрлөсөн Мүн Сон Мён гэх солонгос эрийн нэрээр нэрлэгдсэн бүлэг этгээдийн нэгдэл юм байна. Үүсгэн байгуулагч Мүн Сон Мён гэгч нь Өмнөд Солонгосын шашны зүтгэлтэн, “Эв нэгдлийн сүм” шашны шинэ хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, удирдагч. 1920 оны хоёрдугаар сарын 25-нд төрсөн. Хэдхэн өдрийн дараа төрсөн өдөр нь тохионо.
Өөрийг нь бурханч хүн байна гэж хэлсэн америк хүний үгэнд итгэж шинэ шашны урсгал үүсгэн "Эв нэгдлийн хийд" гэгч нэртэй байгууллагыг үндэслэн аж. Ингээд өөрийгөө Есүсийн алдааг залруулах шинэ Исүс хэмээн зарласан юм байна. Мүн Сон Мён эхнэр Хан Хакчагийн хамт “Шашны ивээл хайрлах” нэрийн дор дэлхий дахинаа олон хүнийг нэг дор хуримлуулах ёслолыг үйлдэж, энэ төрлийн бизнесээр хөрөнгөжсөн аж.
Ер нь бол коммунист хүмүүжилтэй, 26 настайдаа гурван cap шоронд хоригдсон. 28 настайдаа "олон нийтийн тайван байдлыг алдагдуулсан" хэргээр нутагтаа таван жилийн хорих ялаар шийтгүүлэн шоронд хоёр жилийг өнгөрөөж байхад нь Солонгосын дайн эхэлж суллагдаж байжээ. 1955 онд Мүн Сон Мён өөрсдийнх нь ашиг сонирхлын эсрэг зүйлийг олон нийтэд ухуулсан болон садар самуун зэрэгт буруутгагдан дахин гурван cap хоригдож байжээ.
Мөн ондоо хуурамч бичиг баримт үйлдсэн, цэргийн албанаас зугтсан үндэслэлээр дахин шалгагдсан. 1982 онд АНУ-д амьдарч байхдаа татвар нуун дарагдуулсан, хуурамч баримт ашигласан хэргээр 1.6 cap хоригдох ялаар шийтгүүлсэн. “Тонъиль групп” болон олон компани, олон чиглэлийн төсөл хөтөлбөрийн эзэн, тэрбумтан, хэвлэлийн магнат энэ хүн 2012 оны есдүгээр сард 93 настайдаа нас баржээ. Амьдралдаа цөөнгүй эхнэр сольсон ч албан ёсны намтарт нь хоёрхон удаа гэрлэсэн гэж тэмдэглэгдсэн. 1943 онд гэрлэсэн анхны гэрлэлтээсээ нэг хүүтэй.
Анхны гэрлэлтээ цуцлах санаачилгыг түүний эхнэр гаргаж байсан аж. Албан бус гэрлэлтүүдийн талаар, 1934 онд Сан Кил Чой гэх бүсгүйтэй гэрлэж 1953 онд салсан. Нэг хүүтэй. Мөн Чойгоос салаагүй байхдаа Мүн Хи Кимтэй гэрлэсэн. Хамгийн сүүлд 40 настай байхдаа гэрийн үйлчлэгчийнхээ 17 настай охин Хан Хакчатай гэрлэсэн.
Мүний том хүү Мүн Хёджин мансууруулах бодис, хар тамхины хамааралтай байсан бөгөөд наркологийн төвд хоёр удаа эмчлүүлсэн. Түүний эхнэр Хон Нансук нөхөртөө байнга зодуулдаг гэсэн шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулсан.
Мөн Мүний нэг охин Мүн Анжин нөхрөөсөө зугтааж Виржиниад ирсэн бөгөөд өдгөө аавынхаа байгууллагад очихгүйн тулд шүүхээр хүүхдүүдээ авахыг хичээж буй. Өөр нэг хүү Мүн Хын Жин нь 1984 онд спорт машинтай хурд хэтрүүлэн давхиж байгаад ачааны машин мөргөж, зам тээврийн ослоор амиа алдсан гэх мэдээллүүд олон улсын хэвлэлүүдэд гарч байжээ.
ГАДНЫ УЛС ОРНУУД МҮҮНИЙ УРСГАЛЫН ТАЛААР... Олон улсын мэдээллээс харахад Герман, Их Британи болон Шенгений 14 улс “үзэл бодол нь залууст буруу нөлөө өгөх аюултай” хэмээн үзэж Мүн Сон Мёныг тус орнуудад нэвтрэхийг хорьсон. Мөн АНУ, Япон зэрэг орнууд ч “шинэ Есүс”-ийг хэсэг хугацаагаар хилээрээ нэвтрэхийг хориглож байсан аж.
Тухайлбал, 1984 онд Европын парламент 1984 оны дөрөвдүгээр сарын 1-47/84 тоот шийдвэр гарган “Мүн Сон Мён гэгчийн үүсгэн байгуулсан Эв нэгдлийн сүм урсгал, үйл ажиллагаа нь нийгэмд тодорхой аюул тарих уршигтай. Тиймээс бүх Засгийн газрууд Мүүний урсгалд ямар нэгэн онцгой статус олгохгүй байх, өөгшүүлэхгүй байх, ямар нэгэн онцгой тусгай эрх өгөхгүй байх. Бүх улс орнууд Залуучууд, соёл, боловсрол, мэдээлэл, спортын комисстоо Мүүний дагагчдын үйл ажиллагааны талаар болон нийгэмд бий болгох аюулыг мэдээлэх”-ыг уриалж байжээ.
Олон улсын шинжээчид Мүүний урсгалыг “хүний сэтгэцэд хортойгоор нөлөөлдөг, ялангуяа хүүхдийн ухамсарт хүчтэй нөлөө үзүүлж, оюун санааны хөгжлийг сааруулдаг” гэж үздэг юм байна. ОХУ-ын Боловсролын яамны орлогч сайд Александр Асмолов гэгч Мүүний шашны гол төлөөлөгчдийн нэг байсан аж. Сэтгэл зүйч мэргэжилтэй энэ хүн хожим Мүүний урсгалаас татгалзсан бөгөөд 2012 онд “Рен-ТВ” сувгийн “Сурах бичиг миний ертөнц ба Би” баримтат кинонд “Би Мүүний хөдөлгөөнийг сайн мэднэ.
Тэд дунд сургуулийн орчинд хэрхэн нэвтэрч, хүүхдүүдийн ухаан санаанд яаж нөлөөлөхийг оролддог талаар ч сайн мэднэ. Энэ хөдөлгөөн бол ерөнхийдөө ухамсарт нөлөөлөх арга заль юм. Ялангуяа хүүхдийн ухамсарт нөлөөлөхийг оролддог. Энэ нь хүүхдийн бие хүн болох хөгжилд ноцтой аюул дагуулдаг” гэж өгүүлж, олны анхаарлыг татсан байна.
Мүүний урсгалд “тархиа угаалгасан" гэрчүүд дэлхийгээр дүүрэн байдаг юм байна.
Мүүний урсгалд “тархиа угаалгасан" гэрчүүд дэлхийгээр дүүрэн байдаг юм байна. Одоо цахим ертөнцөд “аялаж” байгаа Стивен Хассан гэгч америк эрийн 2012 оны есдүгээр сарын 3-нд Английн Гуардиан сонинд өгсөн ярилцлагаас товлон сонирхуулъя. Тэрбээр энэ ярилцлагадаа “...1970-аад он. Би сурлагаар тэргүүний оюутан байсан.
Өөрийгөө аль нэг шашны гаж урсгалд автчихна гэж бодож байгаагүй. 19 настай оюутан, хаврын семестр дөнгөж эхэлсэн байхад оюутны хөдөлгөөний гишүүдтэй танилцаад хамтран ажиллах болсон. Олон долоо хоног өнгөрч Мүүн гэгч хүний талаар олж мэдсэн. Шинэ найзууд баасан гарагийн үдэш маш үнэтэй орд харшид хүргэсэн нь тэдний гол оффисын нэг байв. Би Мүүнийхэнтэй хоёр жил хагас хамт байж, долоо хоногийн өдөр бүр 21 цаг тасралтгүй ажиллаж, өдөр бүр 1-3 цаг бурхандаа залбирдаг байлаа.
Үлдсэн цагаа Мүүний пиар сурталчилгаа хийж, хүмүүст лекц уншиж, хандив цуглуулна. Гурван cap өнгөрөхөд би Мүүний лидер болж, АНУ дахь төв оффисуудын нэгнийх нь дэд захирал, Нью Йоркийн Квийнз коллежийн оюутнуудыг шашинд элсүүлдэг байгууллагын захирал болоход тэд “Мүүнийхэн дэлхийг эзэлсний дараа аль улсыг захирахаа бодож сонгож бай” гэж хүртэл хэлдэг байв. Манай багийн гишүүн болгон өдөр бүр дор хаяж 100 долларын хандив цуглуулах даалгавартай. Бүтэн гурван өдөр нойргүй явсан би осолд орж хөлөө хугалан эмнэлэгт хэвтсэн.
Эмнэлэгт байхад гэр бүлийнхэн маань сэтгэл зүйчид хандан надад сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн ч би Мүүнийг шүүмжилсэн хэнээс ч айдаг болчихсон, миний уураг тархи программчилагдсан байв. Удаан бодсоны эцэст Мүүн гэдэг хүн залилан мэхлэгч гэдгийг мэдрэх үед тархинд суусан бат итгэл яг л хөзрийн байшин шиг нурж билээ. Би үхтлээ айсан. Үүнээс хойш би гурван сарын туршид юу ч хийгээгүй бөгөөд дараа нь шашны гаж урсгалууд хүмүүсийг хэрхэн урхиддаг талаар энгийн иргэдэд мэдээлэл өгч эхэлсэн" гэж ярьсан байна.
Одоо сэтгэл засалчаар ажилладаг энэ хүн шашны гаж урсгалууд энгийн хүмүүсийн тархийг хэрхэн угааж, татан оруулдаг арга барилуудын талаар хэд хэдэн ном бичсэн аж.
ТЭД ҮГЭЭ ХЭЛЭХ БАЙХ АА Мүн Сон Мёны үүсгэсэн сүм, нам, компани, төрийн бус байгууллагын алин болох нь үл ойлгогдох эзэнт гүрнийг дэлхий даяар байгуулж чаджээ. Өөрийгөө шинэ Есүс гэж нэрлэсэн энэ эр зорилгоо “бүх шашин болоод соёлын зааг ялгааг арилгаж, дэлхийд энх тайван тогтоох” хэмээн тодотгож, 60 жилийн хугацаанд их хэмжээний хөрөнгө босгож чаджээ.
Түүний нэрийг нь сонсоод уярахаар олон эвсэл, холбоо, хөдөлгөөн, нэгдэл үүсгэн байгуулж санхүүжүүлдэг байсны нэг нь “НҮБ үндсэн ажлаа хийж чадахгүй байна” хэмээн шүүмжлэл өрнүүлж байгаад үүсгэсэн "Даян дэлхийн энх тайвны холбоо" гэгч байгууллага. Энэ байгууллагынхаа нэрээр үе үе дээдсүүдийг урьж, сэтгэлийг нь татдаг байна.
Хойд Солонгосын Төрийн тэргүүн асан Ким Ир Сен, АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш, Б.Клинтонтой уулзаж байсан. Манай Ерөнхийлөгч хүртэл зохион байгуулсан нэгэн арга хэмжээнд очиж “адислуулж" байсан бичлэг ойрын өдрүүдэд интернэтэд тархаад байгаа юм. 1990-ээд онд нийгэм солигдож, хил гааль чөлөөтэй болсны дараа Мүн Сон Мён Монгол Улсыг “онилсон" байх юм.
Нийтлэлийн эхэнд дурдсан Монгол Улсын хөгжлийн төлөө сэтгэл тавьдаг нийгэмд танигдсан хүмүүсийг "Даян дэлхийн энх тайвны холбоо" гэх гоё нэрээрээ урхидсан болж таарлаа. Хэмжээлшгүй баян, дэлхийн нэр нөлөө бүхий улс орнуудын тэргүүнүүдтэй нөхөрлөж, урьж залдаг энэ солонгос хүний урилгаас манай томчууд татгалзаж байгаагүй бололтой юм. Логик утгаар нь харвал манай улс төрийн хүрээний томчууд Мүн Сон Мёны шашны урсгалын үнэнч фэнүүд байсан гэхээсээ илүү тус байгууллагын ухуулагчдын хэмжээнд илтгэж чадах чадварт суралцаж, АНУ-д хөл тавьж, зарим арга хэмжээгээ санхүүжүүлэх туслалцаа ч авдаг байж мэдэхээр байна.
Зарим нэг нь бүр хэт автсан байхыг үгүйсгэх аргагүй ч дийлэнх нь туслалцаа дэмжлэг авч байсан гэдэг нь ортой байх. Энэ бол цахим хуудсаар тархсан манай улс төр орчмынхон Мүн Сон Мёнд мэхийн ёсолж байгааг харуулсан зарим видео бичлэг, энэ бүх мэдээллийг бэлтгэхэд олж үзсэн эх сурвалжаас авсан мэдээллээс үүдсэн бодол.
Өөр нэг мэдээлэл анхаарал татсан нь “Үндэстний тойм” сэтгүүлийн 2011 оны 33-т гарсан “Монголын улстөр дэх Мүүнийхэн" нийтлэлийн “...Мүүнийхэн улстөрд өөрсдийн гишүүдийг нэр дэвшүүлэхээр одооноос бэлдэж байна. Өнгөрөгч сонгуульд Мүүнийхэн Л.Гүндалай, Дашням, Д.Цэвээнжав, Ч.Содномдорж, Дэлгэрмаа, Оюунтүлхүүр (Орхон аймгаас нэр дэвшигч) гэх мэт хүмүүсийн сонгуулийн ажилд гишүүдээ идэвхтэй оролцуулж туршлага судлуулсан. Эднийхэн УИХ-ын сонгуульд өөрийн нөлөөлөлтэй болохын тулд Мүүний гишүүд болон дэмжигчдээ өрсөлдүүлэхээр зэхэж байна.
Үүнд: Эв нэгдлийн сүмийн гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар, Сүхбаатар дүүргийн гадаад хэргийн хэлтсийн ажилтан, “Агуу үндэстэн" нэртэй солонгос хэлээр хэвлэж Солонгос улсад түгээдэг сэтгүүлийн эрхлэгч Цэндмаа гэх мэт. Мүүний санхүүжилтээр олон улсын хурал зөвлөгөөнд нэг болон хэд хэдэн удаа явсан улс төрчдийн зарим нь энэхүү Эв нэгдлийн хөдөлгөөний мөн чанарыг таньж мэдээгүй эсвэл мэдсэн ч цаад хор хөнөөлийг хэрэгсэлгүй тэрхэн зуур хүний мөнгөөр зугаалчихъя гэсэн байдлаар хүлээн зөвшөөрсөн байх.
Гэхдээ зарим хүн Монголын залуусын тархийг угаах энэ ажилд хамгийн идэвхтэй оролцож, эх орны аюулгүй бүрэн бүтэн байдалд заналхийлж байгааг тэмдэглэхгүй орхих аргагүй” гэсэн мөрүүд.
Мүүний шашны урсгалыг тойрон өрнөж байгаа дуулиан шуугиан мөддөө намдахгүй нь бололтой.
Мүүний шашны урсгалыг тойрон өрнөж байгаа дуулиан шуугиан мөддөө намдахгүй нь бололтой. Монголын төрийн өндөр албан тушаалтнууд олноороо нэр холбогдсон учраас нийгэм эгдүүцэж байгаа юм.
Хачирхалтай нь энэ өдрүүдэд БСШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас бусад нь ганц үг ган хийгээгүй байгаа. Гэсэн ч УИХ-ын гишүүн С.Ганбаатар, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт зэрэг олон хүний тухай мэдээлэл түгээж байгаа. Тэдэнд үнэнийг ярих зориг дутаж байж мэдэх юм.
Хэдийгээр хувь хүний шашин шүтэх эс шүтэх эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан ч монголчуудын хувьд хэвшмэл биш, харийн бас гаж урсгалд тооцогддог шашны байгууллагатай ямар нэгэн байдлаар нэр холбогдох нь эрхэм дээдсүүдэд халтай.
Тэр тусмаа сонгууль хаяанд ирсэн үед энэ асуудал тэдэнд нэмэх оноо авч ирэхгүй нь тодорхой. Үүнийгээ тооцоод “Би Мүүнтэй огт холбоогүй” гээд хэлчихвэл Мүн Сон Мёны үүсгэн байгуулсан энэ байгууллага ямар нэг хариу барьж болох талтай.
Ийм шалтгаанууд үгүй бол тэд үгээ хэлэх байх аа. Эцэст нь хэлэхэд төрийн өндөр тушаалын албан хаагчдыг шашны гаж урсгалыг үүсгэн байгуулагчидтай харилцаа тогтоосон уу, үгүй юу гэдгийг хаана хэн шалгадаг юм бэ. Нийтийн эргэлзээг хэн тайлах ёстой юм бэ?
Х.Хулан Эх сурвалж: "Өглөөний сонин" 00:03 - 2016-03-17 - Сэтгэгдэл бичих |
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - 2000 - The Moonies Who they Are - How they Work - Rev Moon's Mysterious Empire...And Influence - Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг) - Мүүний шашин - Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна - ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ - ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий - Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд - Монголын төрийг "хамж одох" МҮҮН - Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал… - ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА - Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс - Оюун ухааны занданшил - Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ - Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл - Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна - П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ - Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж - Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг - МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН - ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН - Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ - “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол - Зургийн гэрлэлт ба МҮҮН - Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ??? - Мүүнийх болох Чингис - Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна - Мүүн ба улс төр - Мүүний мөн чанар Найзууд |