Erchis |
Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулнаhttp://news.gogo.mn/r/873052011.5.26 Энэ жил монголчууд их баяр цэнгэлд умбана. Монголчууд бахархах дуртай Хүннү гүрнийхээ 2220 жилийн ойг тэмдэглэн наадах юм. Харин түүний онцгой үйл явдал нь Монгол төрийн ивээл дор “Дэлхийн энхийн их наадам сан” гэгч байгууллагаас зохиох “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”. Наадам ирэх 8 дугаар сард болох гэнэ (2011.04.22-нд гол хэвлэлүүд мэдээлсэн). Хачирхалтай нь Монголын төрийн өмнөөс наадам хийх энэ сан Өмнөд Солонгосын шашны байгууллага ажээ. Түүний тэргүүн Хён Жин Мүүн ч Монголд ирсэн байна. Монголчуудыг төрөөс нь илүү наадуулах харь нутгийнханд талархъя. Гэхдээ бас нэг зүйл байна. Эсвэл энэ ой тэдэнд илүү чухал юм уу?
Бидний солонгос гэж нэрлэдэг ард түмэн өөрсдийгөө “корэй” буюу “хан” үндэстэн гэдэг. “Далайн хойгийн энэ үндэстэн чухам хаанаас гаралтай вэ?” гэдэгт хариулт олох оролдлого нэгэн зууны өмнө эхэлжээ. Тэднийг шинжлэх ухааны аргаар судлах анхны шанг европын хэл зүй, зан заншил судлаачид татав. Англи эрдэмтэн Б.Халбэрт солонгос хэл Өмнөд Азиас гаралтай гэх санал анх дэвшүүлжээ. Өгүүлэгдэхүүн-тусагдахуун-өгүүлэхүүн (Subject Object Verb-SOV) өгүүлбэр зүй бүхий залгамал дүрэм зэргээрээ Өмнөд Азийн дравид хэлтэй адил байсан тул Халбэрт солонгос хэлийг дравид овгийн хэл гэж үзсэн байна. Солонгосчуудын эртний язгуур зан заншил, уламжлалт аж ахуйн онцлог нь ч тэднийг Өмнөд Азийнхантай адил цагаан будааны соёлт ард түмэн гэж итгэхэд хүргэж байв.
Харин Японы нэрт эрдэмтэн С.Оно солонгос хэл Зүүн Өмнөд Азийн индонэз, малай хэлийг багтаасан авсронэз овгийн хэлээс үүсэлтэй гэж үзэв. Жишээ нь, С.Оно эртний солонгос хэлний үндсэн үгийн сангаас австонэз гаралтай үгс илрүүлэв. Эрдэмтдийн тооцоогоор солонгос хэлний үгийн сангийн 60 гаруй хувь нь хятад үг, 10 орчим хувь нь сүүлд нэвтэрсэн барууны голдуу үг, харин үлдсэн 30 орчим хувь нь л уугуул солонгос үг байдаг юм. Тэгвэл тэрхүү уугуул солонгос үгсийн дотор л авсронэз үгс байна. Гэхдээ солонгос хэлний залгамал дүрмийн онцлог ганц дравид бус, ази европын хэд хэдэн овгийн хэлэнд, түүний дотор алтайн гэх хэлнүүдэд тааралдав. Энэ нь монгол хэлийг багтаасан алтай хэлний таамгийг дэмжигч заримынх нь анхаарлыг татсанаар солонгос хэл алтай хэл байх гэсэн таамаг гарав. Гэвч алтай хэл судлаачдын зарим нь үүнийг хүлээн авсангүй. Эцэстээ дээрх зөрүүтэй үзлүүдээс үүдэн дэлхийн хэл судлаачдын дунд солонгос хэл аль ч овогт хамаарахгүй өнчин хэл гэх үзэл давамгайлж иржээ.
Харин, биологийн шинжлэх ухаанд генетик буюу удам зүй хэмээх салбар хөгжснөөр хэн хэнтэй садан төрөл вэ гэдгийг олж мэдэх шинэ боломж нээгдлээ. Ялангуяа, АНУ болон азийн орнуудын судлаачдын азийн хүн амын генийн тархалтын талаарх сүүлийн арваад жилийн судалгаа солонгос үндэстний талаар илүү тодорхой сэжүүр гаргаж өгөв. Шинэ загвар ашиглан явуулсан Ү хромсомын судалгаагаар солонгосчууд Зүүн Өмнөд Азийнхантай илүү ойр холбоотой гэдгийг олж нээжээ. Солонгосчуудын өөрсдийн судалгаа, тухайлбал Өмнөд Солонгосын Данкүк их сургуулийн судлаач Хан Жун Жин нарын саяхны судалгаа ч үүнийг давтан харуулж байна. Олон улсын эрдэмтдийн судалгаа солонгос хүмүүст Зүүн Өмнөд Азийн О гапло бүлгийн ген түгээмэл байдгийг илрүүлсэн юм. Харин Төв Азийн монголчуудад энэхүү О гапло бүлэг бараг байдаггүй ажээ. Сайтар анзаарвал биологийн шинжлэх ухаан солонгос хэл Зүүн Өмнөд Азийн хэл гэх С.Оногийн онол үндэслэлтэй болохыг дам сануулах мэт. Харин солонгосчууд домгийн мэдээг үндэслэн өөрсдийн анхны төр Чосун гүрэн МЭӨ 2300 оны орчим байгуулагдсан гэж албан түүхэндээ бичдэг байна. Энэ нь солонгос үндэстэн төр одоогоос 4300 жилийн өмнө үүссэн гэх санаа.
Гэвч солонгос түүхчид дээрх мэдээлэлтэй харьцуулбал өөрсдийн түүхийг монголчуудад их л өөрөөр таниулан мэдүүлдэг. Тэднийхээр бол Монгол Улс эртний солонгосчууд үүссэн газар нутаг ажээ. Солонгос нь хүннү нараас гаралтай төдийгүй, 12-13 дугаар зууны татар монгол овог аймгийн зарим нь солонгос байсан гэнэ. Үүнийг нь манай нэр бүхий судлаачид цөөнгүй ишэлсэн байх юм. 13 дугаар зууны татар монголчуудад солонгос овог аймаг байснаас үүдэлтэй Чингис хаан ч солонгос угсааны хүн гэх ойлголт хүртэл бий болжээ. Өнгөрсөн жил “Монгол” гэх телевизийн сувгаар шаазан эдлэлийн үүсэл хөгжлийн тухай Өмнөд Солонгосын түүхэн баримтат кино гарсан юм. Сайн анзаарвал тэр кинонд Чингисийн байгуулсан эзэнт гүрнийг “Монгол” бус, харин “Евразийн” гүрэн гэж нэрлээд байсан. Евразийн гүрэн гэхээр ямар үндэстийх нь мэдэгдэхгүй их л бүрхэг сонсогдоно. Тэгэхээр Монгол нутагт одоогоос 2200 гаруй жилийн өмнө мандсан Хүннүгийн төр улс, бас 13 дугаар зууны монголчуудын байлдан дагуулалт ба эзэнт гүрний түүх зүй ёсоор солонгосчуудад харъяалагдана. Энэ утгаар авч үзвэл тэдний хувьд “бие даасан өнөөгийн монгол үндэстний түүх гэж юу болох вэ?” гэсэн асуулт гарч ирж байна. Ингэж ойлговол солонгосчууд дээрх үзлээр “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” гэгчийг Монголд хийж таарч байна.
Нэг солонгос түүхч өнөөгийн соёлт ертөнцөд ичмээр, эсвэл гутамшигтай гэмээр зүйлийг монголчуудад зориулан бичжээ. МУБИС-иас эрхлэн гаргадаг “Acta Historica” сэтгүүлийн 2008 оны дугаарт БНСУ-ын Сэжон их сургуулийн багш Жү Чэхйөг Юань улсын түшмэдийн талаар бичсэн өгүүлэлдээ арьсны үзэл цухуйлгажээ. Тэр өгүүлэлдээ Юань улсын колоничлон захирах бодлогыг захирагч үндэстнүүдийн “байгалийн хэл яриа”-тай холбосон байх юм. Өөрөөр хэлбэл түүний цаад санаа SOV дүрэм бүхий хэлтэн солонгос, монголчууд бусдыг дарлан захирагч нар байжээ. Ийм агуулгатай өгүүлэл нийтэлдэг түүхийн сэтгүүл соёлт орнуудад л лав байдаггүй. Хэрэв тэнд ийм зүйл тохиолвол бусдыг захирах ари хэлт ард түмний тухай Адольф Гитлерийн үзлийг сурталчилсантай адилд тооцогдоно.
Солонгосчууд өөрийн түүх, соёл дахь Зүүн Өмнөд Азитай холбоотой баялаг баримт нотолгоо, 60 хувь нь хятад үгээр дүүрсэн өөрийн хэл, эртний хятадын соёл, угсаатны давалгааны үрээр бий болсон уламжлалт соёлынхоо онцлогийг үнэнээр нь биш, харин хэт өрөөсгөл байдлаар монголчуудад ойлгуулж байна. Аливаа зүйлийг ингэж өөрт таалагдсан буюу ашигтай талаас хэт туйлшруулан итгүүлэхийг “тархи угаалт” гэнэ.
Харин Монголын өнөөгийн (зэрэг цолныхоо хувьд л) зарим том эрдэмтэд нь гадны энэ мэт үйл ажиллагааг хэрэгжүүлэгч нар болж явна. Тухайлбал, тэд Хүннүгийн түүхийг судлах Өмнөд Солонгосын төслүүдийг Монголд хэрэгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн ба үр дүнд нь манай нутгаас олдсон олон тооны дурсгал Солонгост судлагдахаар илгээгдэж байна. Энэ ажилд ихээхэн үүрэгтэй археологич, ШУА-ийн хүрээлэнгийн захирал нэгэн саяхан МҮОНТ-ээр Хүннү судлаач солонгос шавь нараа бахархан ярьж сууна билээ. 2010 онд БСШУЯ-ы ивээл дор зохиогдсон солонгос, монгол эрдэмтдийн хуралд МУИС-ийн багш, хэл аман яриа судлаач эрхэм солонгос, монголчууд домгоор холбогдсон ард түмэн гэх илтгэл уншиж байсан. Мөн тэр хуралд “Монголын солонгос судлал”-ын тэргүүн гэх эрдэмтэн домогт үндэслэн Солонгос-Монгол хүргэн бэр улс байсан гэж сурталчилж байв. ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн нэг судлаач бас л домгийн мэдээг үндэс хийн Монголын их хаад охидоо солонгос эрчүүдэд найр тавьдаг байсан гэсэн санааг дүгнэлт болгож байсан. Тэдний илтгэлээс түүх, хэл шинжлэл гэхээс илүү өнөөдөр Монголд газар аваад буй солонгос эрчүүдэд монгол эхнэр олж зуучлах ажлыг сурталчилж байгаа мэт сэтгэгдэл төрж байлаа.
Бид манай улс төрчдийн хариуцлагагүйгээс болж байгалийн баялгаа алдлаа гэж шүүмжилдэг. Тэгвэл манай зарим “том эрдэмтэд” үүнээс ялгаагүй зүйлийг дээрх маягаар хийж сууна. Тэд монгол үндэстний түүхийн талаарх элдэв гуйвуулгын мэдээ үнэн зөв эсэхийг нягтлан судлах, шаардлагатай бол няцааж ард түмэндээ анхааруулахын оронд харийнхны ямар зорилготой нь үл мэдэгдэх үйл ажиллагаанд оролцож, хамгийн үнэтэй баялаг ард түмний оюуны өвийг сүйтгэж байгаа юм. Тэд зарим гадаадын төслүүдээс багагүй цалин авдаг. Тухайлбал, солонгосчууд Мон-Сол гэх Хүннүгийн түүхийг судлах төслийг 10 гаруй жил их хэмжээний мөнгөөр санхүүжүүлж байна. Бас дээр нь манай шинжлэх ухааны салбарт хариуцлагагүй байдал газар авсан. Судалгааны байгууллагуудыг захиралууд нь өөрийн хувийн компани мэт болгочихсон байх жишээтэй. Тэд хоцрогдсон ба шинэ залуу боловсон хүчнийг үзэл бодлоор нь хавчиж, тэднийг зөвхөн өөрийн дагалдагч байлгахыг оролддог. Өөр үзэл бодолтой нэгийг дарамталж, ажлаас нь зайлуулсан тохиолдол ч бий. Тэдэнд Хүннү гүрний ойгоо буруу замаар хийх нь гэж сануулахаар сүрдүүлж, албан тушаалаараа басамжилж байна.
Хөөрхийлөлтэй нь түүхээрээ бахархан хөөрөх монголчууд хэнд зориулсан ямар ой тэмдэглэх гэж буйг ойлгож мэдэхээс илүү ямар нэг гадны шашны байгууллагын зохиох наадам цэнгээний сурталчилгаагаар дамжин өөрийнх нь тухай хэн нэгэн хэлж өгсөн төсөөллийг л тархиндаа суулгаж байна. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь түүхт ойн хийрхэл, мэдлэггүй байдлаар дамжин монголчуудын “хамтын ой санамж” улам бүр устаж байна. Тухайн үндэстний хамтын ой санамж гэдгийг зүйрлэвээс хүний тархин дахь ой санамж юм. Анагаах ухаан өвчний улмаас эсвэл тархинд механик гэмтэл авснаас болж хүн ой санамжаа алддагийг олж мэдсэн. Ой санамжаа алдсан өвчтөн өөрийн дурсамжаа гээх ба заримдаа өөрийгөө хэн гэдгийг огт мэдэхээ больдог. Коммунизмын үед түүхийн үзэл суртлаар чимсэн хурал, баяр наадам зэрэг нь монголын ард түмний тархийг угаах, монгол үндэстний хэн гэдгийг нь мартуулах хүчтэй зэвсэг болж байлаа. Харин аливаа улс үндэстэн ингэж хамтын ой санамжаа алдахын аймшигт эмгэнэлийг Чингиз Айтматовын алдарт зохиол “Зуунаас урт өдөр”-д өгүүлдэг юм. Зохиолд гардаг хүчээр ой санамжыг нь устгасан манкурт боолын тухай домгоос үүдэн “манкуртизм” гэх нэр томьёо дэлхий нийтэд бий болжээ. Энэ нь манкурт болсон нэгэн өөрийнхөө хэн гэдгийг мартдаг ба зөвхөн өөрийн эзний хэлснийг итгэн биелүүлэгч эрх чөлөөгүй хүн, адгуус хоёрын завсрын амьтан болон хувирч байгааг хэлдэг. Аливаа үндэстэн түүхийн ой санамжаа алдвал манкурт болно.
Хөрш, ойр үндэстнүүд нь монголчуудыг ямагт манкурт шиг байлгахыг зорьж ирсэн. Тэд бидний өнгөрснийг янз бүрийн аргаар бидэнд ухуулан таниулна. Социализмын үеэс монгол үндэстний түүхийг өөрийгөө монгол хүн гэж хэлэхээс ичих хүртэл тохуурхан доромжилж бичдэг байлаа. Магадгүй үүнээс болж Монголын нам төрийн удирдагч нь хүүхдүүддээ гадаад нэр өгч, монгол хэлийг нь зааж сургаагүй гэх гашуун дурсамж үлдэн хоцорчээ. Гэтэл нөгөө нь монголчуудыг хий магтан хөөргөж, өмнө зүгийн аль нэг агуу үндэстний бүрэлдэхүүн дайчин баатарлаг овог аймаг мэтээр харуулна. Гэхдээ аль аль нь монголчуудын “бие даасан” үндэстэн байж ирсэн түүхийг илт гуйвуулсан л байдаг юм. Энэ мэт бахархал, хийрхэл, нийтийг хамарсан хурал, наадам цэнгээнээс болж “хамтын ой санамж”-аа санаатай, санамсаргүй устгуулах өнөөгийн монголчууд, ялангуяа надтай үе чацуу залуу үе нэг мэдэхэд өөрийнхөө хэн гэдгийг, энэ нутаг дээр амьдарч байсан, үгүйгээ ч мэдэхгүй хэмжээнд хүртэл доройтох нь байна!
Бүр 1970-аад онд манай дунд сургуулийн сурах бичигт хүннү нар янз бүрийн угсаатны нэгдэл төдий байсан гэж бичиж байв. Үнэндээ хүннү нар эрээвэр хураавар хүмүүс байсан гэдгийг хэн ч батлаагүй байсан. Ядаж л хүннүгийн энэ овог аймаг нь ийм хэлээр, тэр овог аймаг нь тийм хэлээр ярьдаг байсан, эсвэл яг тийм хэлээр хоорондоо харилцдаг гэдгийг нотлох баримт огт байхгүй шүү дээ. Харин, хаалттай нийгмийн хэцүү үед түүхч Г.Сүхбаатар монгол хүмүүсийг манкурт болгохгүйн төлөө айж эмээлгүй бүтээлээ туурвиж байлаа. Эртний хятад төдийгүй, хэд хэдэн гадаад хэл эзэмшсэн Сүхбаатар эртний сурвалжуудыг хичээнгүйлэн судалсныхаа үр дүнд хүннү бол янз бүрийн эрээвэр хураавар гаралтай хүмүүсийн холбоо бус, харин монголчуудын өвөг үндэстэн юм байна гэж дүгнэжээ. Харин энэ “тэнэг” санаанаасаа болж тэр бусдын доог тохуу болж, их адлагдсан. Гэтэл өнөөдөр биологийн шинжлэх ухаан түүний зөв байсныг харуулж байна. Биологчдын дүгнэж буйгаар хүннү нар генийн хувьд өнөөгийн монголчуудтай хамгийн ойр байжээ. Хүннү нарын үндсэн нутаг нь Байгал нуурын өврөөс Ордос хүртэлх нутаг байсан шүү дээ. Тэгвэл яг энэ нутагт монгол гаралтнууд л хүннү нарын сонгодог нүүдлийн аж ахуйг тэр чигээр нь эрхлэн амьдарч өдий хүрчээ. Энэ давхцал бол санаандгүй тохиолдол биш гэдгийг биологийн шинжлэх ухаан харуулсан хэрэг.
Ер нь ой санамжаа алдсан хүнийг яаж ч мэхлэн ашиглаж болно. Түүн дээр танихгүй хүн ирээд би нас барсан чиний аавын хүүхэд байна, аавынхаа хөрөнгийг авна гэвэл тэр юу ч санахгүй. Эсвэл түүнийг боолчилж болно. Ой санамжаа алдсан үндэстэн үүнтэй яг ижил. Бид үүний хорыг хөнөөлийг хангалттай туулсан. Гэвч бидний ой санамж эдгэх сэргэх бус, улам гэмтсээр. Бидний ой санамж энэ байдлаар устаад байвал удахгүй аль нэг улсын колони болох эмгэнэлт дүр зураг бодитой харагдаж байна. Тэд энд манай өвөг дээдэс нутаглаж байсан гэж хэлж байгаад Монголын хамгийн үржил шимтэй тариалангийн газрыг нь ашиглаж байна. Бүр Улаанбаатарын хажууд том газар эзэмшээд хүнээ оршуулах монголчуудаас их мөнгө нэхэж суудаг гэнэ.
Хүннү гүрний ойг гуйвуулан тэмдэглэх гэж байгааг мэдлэгтэй, гэгээлэг монгол залуу түүхчид анхаарч, ард түмэндээ бодит байдлыг таниулах ажил зохиох нь зүй. Мэдээж дарамт, шахалт их ирнэ. Гэвч үнэнийг таниулах эрдэмтэн хүний үүрэг юунаас ч илүү чухал. Энэ ойг зарим “том” эрдэмтэд маань төрийн хүчинд дулдуйдан гадны үлэмж дэмжлэгтэйгээр тэмдэглэнэ. Харин монголчууд өөрийн түүхийг үнэн зөвөөр ойлгох өдөртэй золгох хувь байвал өнөөдрийн энэ ой, цэнгээн наадам монголын түүхчдэд тохиосон гутамшигт явдал, сургамж гэдгээр л хожим дурсагдан үлдэх болно. Түүх судлал бол бахархал хийрхэл биш. Түүх “Бид хэн байсан бэ?”, “Дэлхий ертөнц яаж хувирч байна вэ?”, “Тэгвэл одоо бид хэн юм бэ?” гэдэгт хариулт олохыг чармайдаг. Иймээс түүх нь өөрчлөлтийг судалдаг ухаан юм. Агуу сэтгэгч О.Шпэнглэрийн сануулсанчлан түүхээ бодитоор мэдсэн ард түмэн л ирээдүйгээ бодитоор харах билээ.
Түүхч Н.Цог-Оршихбат 2011 оны 4 дүгээр сарын 26
00:07 - 2016-03-17 - Сэтгэгдэл бичих |
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - 2000 - The Moonies Who they Are - How they Work - Rev Moon's Mysterious Empire...And Influence - Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг) - Мүүний шашин - Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна - ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ - ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий - Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд - Монголын төрийг "хамж одох" МҮҮН - Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал… - ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА - Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс - Оюун ухааны занданшил - Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ - Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл - Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна - П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ - Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж - Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг - МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН - ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН - Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ - “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол - Зургийн гэрлэлт ба МҮҮН - Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ??? - Мүүнийх болох Чингис - Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна - Мүүн ба улс төр - Мүүний мөн чанар Найзууд |