Erchis |
ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН2011 оны 8 сарын 23 http://enkhboldbaatar.niitlelch.mn/content/3324.shtml Энэ долоо хоногт юу болох гээд байна аа?
Засгийн газрын өнгөрсөн сарын 30-нд гаргасан 239 дүгээр тогтоол ёсоор бол “Дэлхийн монгол туургатны энхийн их наадам” энэ долоо хоногийн 24-27-нд болно. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад суваг, сурвалжаар явуулж байгаа зар сурталчилгаагаар бол “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” болно. Аль алиных нь зохион байгуулагчдын бүрэлдэхүүн, огноо давхцаж байгаа. Хоёр өөр наадмыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, “Дэлхийн энхийн их наадам” ТББ, Монголын энхтайван найрамдлын холбоо, Дэлхийн монголчуудын чуулган гэсэн таван байгууллага хамтаараа, нэгэн зэрэг хийгээд байгаа шиг ойлголт надад ч анхандаа төрсөн. Тэгээд учрыг нь олохоор Гадаад харилцааны сайд Г.Занданшатар руу утас цохив.
Хэн хэн зохион байгуулж байна вэ?
Сайдынх нь хувиар бус Засгийн газрын дээр дурдсан тогтоолоор байгуулагдсан “Дэлхийн монгол туургатны энхийн их наадам”-ыг зохион байгуулах хорооны даргынх нь хувьд уулзах гэж утастсан хэрэг л дээ. Хорооны орлогч нь “Дэлхийн Монголчуудын чуулган”-ы ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн, гишүүд нь ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Монголын энхтайван найрамдлын холбооны ерөнхийлөгч, дипломатч Д.Цахилгаан гуай гэх мэт ланжгарууд. Эд ч яахав, төрийн бусчууд. Төрийн хүнийх нь хувьд ч асуух асуулт байлаа л даа. Харамсалтай нь тэрээр Дорноговь аймагт нефтийн үйлдвэрийн шав тавих ёслолд оролцож явсан болохоор уулзаж чадсангүй. Нийслэлд буцаж ирэнгүүтээ амарна гэдгээ хэлж байна. Амрахаас нь өмнө амжаад уулзахаар тохиролцсон боловч тэр маргааш нь ч, нөгөөдөр нь ч утсаа авсангүй. Тэгэхээр нь дээрх хорооны нарийн бичгийн дарга Б.Баярсайхан гэх эрхэмтэй уулзахаар ГХЯ-ыг зорив. Тэрээр энэ яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлаар ажилладаг юм байна. Миний аз дутахад мань хүн гадаад явсан байлаа. Тэгэхээр нь Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Б.Батхишиг гуайтай уулзав.
Ижил үү, өөр үү?
Б.Батхишиг элчин сайд түрүүнээс хойш яриад байгаа 239 дүгээр тогтоолын автор юм байна. Үүнийгээ тун даруухнаар, “би энэ тогтоолыг л батлуулах ажлыг хийсэн, тэгээд л миний үүрэг дууссан” гэсэн юм. Зөв хүнтэйгээ уулзсандаа олзуурхаж, хоёр өөрөөр томъёолоод байгаа энэ наадмууд чинь нэг юм уу, хоёр ажил уу гэж асуувал тэр “тогтоолын томъёололд хүн гүрэн, энэ тэр гэсэн зүйл байхгүй, дэлхийн монгол туургатан гэсэн нь тогтоолтой наадам шүү” гэсэн юм. Харин нөгөө наадмынх нь тухай сонирхож байгаа бол Г.Ганбат, Б.Насанбаяр зэрэг хүмүүстэй уулзахыг зөвлөсөн юм.
“Дэлхийн энхийн их наадам” гэж юу вэ?
Г.Ганбат бол “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын тэргүүн аж. Түүн рүү хэдэнтээ залгасан боловч холбогдож чадсангүй. Энэ хүн Сөүлийн их сургуульд зэрэг хамгаалсан, сүүлийн 7-8 жил “энэ чиглэлээр” ажиллаж байгаа юм байна. Үүнийг Б.Насанбаяр танилцуулсан юм. Гэр бүл судлаач, докторант энэ эмэгтэй “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын “Global peace youth Corps” хэмээх салбар нэгжийн ерөнхийлөгч. Түүний хэлснээр “Дэлхийн энхийн их наадам” ТББ Монгол Улсад бүртгэлтэй бөгөөд Хён Жин Мүүн хэмээх солонгос хүний үүсгэн байгуулсан АНУ-д бүртгэлтэй “Global Peace Festival Foundation” байгууллагын манай улс дахь салбар юм байна. Наадмын зохион байгуулагчид Засгийн газрын тогтоолоор томъёолсон нэрийг Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан гаргасан Ерөнхийлөгчийн санаачилгын дагуу өөрчилсөн бололтой. Гэтэл эрдэмтэд, Хүннү гэдгийн “нү” нь харийнхны өгсөн “боолын боол” гэсэн утга бүхий залгавар юм гэсэн тул хассан аж. Тэгээд ч “Хүн” гэдэг үнийг англи, орос хэл рүү хөрвүүлэхэд утга ойролцоо бууна гэж үзсэн байна. Тогтоолтой болон тогтоолгүй “энхийн их наадмууд” нэг зүйл юм шүү гэдгийг тэр ийнхүү тайлбарласан бөгөөд үүнийг Монголын энхтайван найрамдлын холбооны ерөнхийлөгч Д.Цахилгаан гуай ч нотлосон юм.
Энгийн юмсын эгэлгүй нэршил
Б.Насанбаяр төрийн бус байгууллагынхаа гурван зүйл эрхэм зорилгыг танилцуулахдаа хамгийн эхэнд шашин хоорондын хамтын ажиллагаа гэх зүйлийг танилцуулсан юм. Тэд шашин тус бүрийн нэгж эрх ашгуудаас татгалзаж, нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилго тавьсан байна. Дараагийнх нь гэр бүлийг сайн сайхан байлгах явдал гэнэ. Хүн төрөлхтний оршин байхын үндсийн үндэс нь гэр бүл гэж тэд үзэж, гэр бүлийн амар амгалан байдлын үндэс нь энхтайван гэж томъёолжээ. Гэр бүлийн доторх эрэмбэ журам, хүндлэлээрээ монгол үндэстэн дэлхий нийтэд үлгэр болохуйц уламжлалтай агаад энэ уламжлал дэлхий ертөнц дээр энхтайван, амар амгалан, зөв харилцааг тогтооход чухал гэсэн үндэслэл “Дэлхийн энхийн их наадам сан”-гийн үзэл санаатай нийцэж байгаа болохоор энэ наадмыг манай улсад зохиож байгаа юм гэв. Гурав дахь гол зорилгоо тэр “үйлчлэл” гэж томъёоллоо. Арай тодруулаад, “иргэний оролцоо” хэмээн нэрлэв. Энэ бол улс үндэстний хөгжлийн гол түлхүүр юм гээд тэрээр хүмүүс бие биендээ, айл саахалтдаа, нэг хот хорооныхондоо туслах, тодорхой ажлыг хамтарч хийх, цуглаж бүтээх зарчмыг жишээлэн ярив.
Энхтайван гэж юу вэ?
“Коммунизмын материал техникийн баазыг байгуулж байх” үедээ бид энхтайвны тухай их ярьдагсан. Тагтаа зураад үзэл суртлын уралдаанд түрүүлдэг байсан тэр цаг өнөөдөр дэндүү хуучин санагдах. Гэвч энхтайвныг хүсэмжилсэн хачин гүн эрэлхийллийг “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ынхан илэрхийлж байна. Хамтын оролцоогоороо нийгмийн асуудлыг шийдэх, миний амьдралаас нөгөөгийнх шалтгаална гэж үзэх хачин уламжлалт мэдлэгийг Б.Насанбаяр ярилаа. Түүний тайлбарласнаар “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын эдгээр гурван зорилго бол хүн төрөлхтний асуудлыг шийдэх гурван арга зам аж. Үр дүн нь нийгмийг энхтайванд хүргэх бөгөөд энхтайван гэгч тэднийхээр энэ л бололтой. Харин Д.Цахилгаан гуай өөрийн энхтайвны хөдөлгөөнд олон жил оролцож яваа замналынхаа итгэл үнэмшлээр “Энхтайван гэдэг чинь өөрөө шүтлэг юм” гэсэн юм. Ингэж хэлэхдээ тэр “Дэлхийн энхийн их наадам сан” гэдэг байгууллагыг шашны байгууллага биш, дэлхийн шашнуудын жагсаалтад Мүүнийн гэх нэр байхгүй тухай ярихдаа хэлсэн юм.
Шашин бол шашин биш үү?
Түүний хэлснээр, “Дэлхийн энхийн их наадам сан”-н АНУ-ын иргэн Хён Жин Мүүн байгуулсныг тодрууллаа. Түүний аав Сан Ён Мүүн бол энхтайвны хөдөлгөөний нэгэн урсгалыг үндэслэгч гэж тодотгов. Бусдын адил “Мүүний шашин” гэж тэр хэлсэнгүй. Хүн төрөлхтөн дээрээ нэг нартай, дэлхий гэдэг нэг гэртэй гэх түүний хэллэг төсөөлөлд минь дороо л буусан. Энэ ганц гэрээ эвдээд сүйтгачихгүй юмсан гэх нийтлэг үзэл санааг тэр энхтайван гэж тайлсан. Харин хүмүүсийн төөрөгдөл “Дэлхийн энхийн их наадам сан” байгууллагын уриа болсон “We one family under God” гэсэн өгүүлбэрээс болоод байгаа болов уу гэж таамаглаж байгаагаа ч хэлсэн юм. “God” бол бурхан мөн, тэнгэр ч мөн. Монголчууд, мөнх хөх тэнгэртээ залбирдаг. Тэр бол “God” юм гэж Д.Цахилгаан гуай тайлж байлаа. АНУ-ын мөнгөн тэмдэгт доллар дээр “In God we trust” гэсэн бичиг бийг хэлээд тэр, “God” гэдэг үгийг “тэнгэр” гэсэн үг хэмээн монголчилж, Ш.Бира гуайн тэнгэризмийн онолтой дүйцүүлсэн юм. Тэнгэрийн хүчинд итгэдэг ард түмэн хүчирхэг болдог юм байна гэсэн итгэл үнэмшлээ ч хэлсэн юм. Энэ хүчирхэг үзэл санааг америкчууд мөнгөн тэмдэгт дээрээ сийлсэн байна гэсэн тайллаа илчилсэн билээ. Энэ итгэл үнэмшил энхтайвны үзэл санаанд огтхон ч харшлахгүй гэх өөрийнхөө байр суурийг ч илэрхийлэв. Яг ийм тайлбарыг “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ын Б.Насанбаяр бас хэлсэн юм.
Удахгүй унших ном
Эцэг болон хүү Мүүний үзэл санаа, үйл ажиллагаа салангид тусдаа биш, бие биенээсээ уламжилсан нэг уг сурвалжтай гэж үздэгээ Б.Насанбаяр хүлээн зөвшөөрсөн. Сам Мён Мүүн буюу эцэг Мүүний амьдрал, намтар, замналын тухай ном монгол хэлнээ орчуулагдан хэвлэгдээд, энэ сарын 22-нд нээлтээ хийх гэж байгааг тэр сонирхуулангаа, дэлхийн олон хэлнээ орчуулагдсан энэ номыг уншаад эсрэг бодолтой байсан хүний үзэл бодол эерсэн тухай ч ярьсан юм. “Энхийн их наадам” буюу пийс фестиваль бол Мүүнийхний (шашин гэж хэлээгүй шүү) үйл ажиллагаа мөнөөсөө мөн гэдгийг сурвалжлагынхаа явцад бид баттай мэдсэн. Харин хүү Мүүн манай улсын ерөнхийлөгчийн Тамгын газарт “наадмын хүрээнд ямар ч шашны үйл ажиллагаа явуулахгүй” гэж ам гарсан юм билээ. Тэгээд л Ерөнхийлөгч энэ наадмыг ивээлдээ авсан байна.
Яагаад Ерөнхийлөгч ивээв?
Ивээлдээ ийм наадам зохион байгуулах тухай захирамжийг Ерөнхийлөгч энэ оны хоёрдугаар сард гаргасныг Д.Цахилгаан гуай дурдсан юм. Яагаад гэвэл тэр “Дэлхийн монголчуудын чуулган” байгууллагын тэргүүн. Энэ байгууллага 2006 онд буюу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор байгуулагджээ. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр ажиллаж байж. Олон улсын оролцоотой энэ чуулган дүрмэндээ “Тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы тэргүүнээр ажиллана” гэж заасны дагуу Ц.Элбэгдорж ерөнхийлөгч эдүгээ тэргүүлж буй юм. “Их ойнуудын” гэж нэрлэгдэж байгаа энэ онд чуулганы таван жилийн ой таарч байгаа нь сайн тохиол гэж үзээд, энэ байгууллагынхан их хурал хийх санал гаргасан нь Хён Жин Мүүний “Энхийн их наадам”-аа хийе гэсэн юм яриад явж байхтай нь таарсан байна. Нэгэнт “Энхийн их наадам”-аа шашны бус гэж итгүүлсэн болохоор Ерөнхийлөгч чуулган болон наадмын үйл ажиллагаануудыг уялдуулан зохион байгуул гэж үүрэгдсэн байна.
Хүлээж авамгүй үнэн
“Наадмууд” нэг юм биш, өөр юм биш гэж яриад байгаа зохион байгуулагчдын “төөрөгдөл” үүнээс үүдэлтэй бололтой. Гэхдээ энэ нэр томъёоны зөрүүнээс илүүтэйгээр Монголын төр ба харийн шашны “гэрлэлт” энгийн бидний эгдүүцлийг төрүүлж байгаад л учир шалтгаан байгаа юм. Төрийнхөн маань хамгийн дээд байгууллаараа харийн, бас харгис шашны урсгалынхантай эвцэлдээд, энхтайвнаараа байгаа эх орноосоо “энхтайвныг” эрж хайгаад байгаа нь эгдүүцмээр. “Томъёоллын зөрүү” гэх халхавч барьсан эрлийн минь үзүүр “Мүүний шашныхан оролцоогүй байгаасай” гэх чин хүсэл байлаа. Гэвч явахх тусам оролцоо нь батлагдаж байсныг хүлээхээс аргагүйд хүрсэн юм. “Ариун гэр бүлийн” тухай хачин харь үзэл санаа хийгээд түүнийгээ хэрэгжүүлж байгаа сүмийн зохион байгуулалт, Монголд явуулсан жихүүдэс төрүүлэм явдлууд хийгээд ялангуяа өсвөр, залуу насныхныг хэрхэн хүн бусаар ашигладгийг бид дараа тодорхой өгүүлэх болно.
“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн 2011.08.22-ны №33 (81) дугаараас энэ тухай илүү ихийг уншаарай. 18:57 - 2016-03-15 - Сэтгэгдэл бичих |
Тухай: Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - 2000 - The Moonies Who they Are - How they Work - Rev Moon's Mysterious Empire...And Influence - Монгол цэргийн өдөр: ХӨГЖИМТЭЙ ПАРАД АЛХЛАА (Зураг) - Мүүний шашин - Манкуртизм! Солонгосчууд Монголыг баяр наадамд умбуулна - ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ МҮҮН-ИЙ “ТӨЛӨВЛӨГӨӨ”-ТЭЙ ТАНИЛЦ - ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий - Хүний оюун ухааныг эзэмдэх аргууд - Монголын төрийг "хамж одох" МҮҮН - Тэргүүн хатагтайн шинэ албан тушаал… - ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Р.БОЛД: ШАШНЫ СУРТАЛЧИЛГААГАА ЗАЛРУУЛАХГҮЙ БОЛ АСУУДАЛ ӨӨРӨӨР ЯРИГДАНА - Майк Mаршил: Монгол дэлхий дээр хүч түрэн гарч ирж байгаа цоо шинэ улс - Оюун ухааны занданшил - Мүүний сект бол Солонгосын гэмт хэргийн сүлжээ - Мүүнийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл - Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна - П.Очирбат Мүүнийг нас барсанд эмгэнэл илэрхийлж байжээ - Э.Цэрэндолгор : Улстөрчдөөс Мүүний хамгийн том төлөөлөл нь Ц.Элбэгдорж - Э.Цэрэн: Ц.Элбэгдорж Мүүнд барьцаалагдсан гэж би хардаг - МОНГОЛЫН УЛСТӨР ДЭХ МҮҮНИЙНХЭН - ЭНХТАЙВАН БА ЭНХ ТАЙВАН - Монголын боловсролын яаманд Мүүнийхэн шургалжээ - “Мүүн”-ий мөлжүүр болсон Монгол - Зургийн гэрлэлт ба МҮҮН - Герман ТӨРИЙН Мүүнийхэнтэй хийж буй Тэмцэл буюу БИД ХЭН БЭ??? - Мүүнийх болох Чингис - Д.Сэрдарам: Мүүн гэдэг зохиомол аймшгийг нийгэмд бий болгоод байна - Мүүн ба улс төр - Мүүний мөн чанар Найзууд |